НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Монголын үндэсний комисс (МҮК)-ын гишүүдийн хурал 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болж, өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүнг дүгнэж, ирэх хугацаанд хэрэгжүүлэх зорилт, чиглэлээ тодорхойлов.
Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэг хурлыг нээж хэлсэн үгэндээ ЮНЕСКО-гийн үндсэн 5 салбарын үйл ажиллагааны хүрээнд хэрэгжсэн онцлох үйл явдлуудыг цохон тэмдэглэв. Тухайлбал, 2025 онд Монгол Улс Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдсон нь манай улсын соёл, байгалийн өвийг олон улсын түвшинд хамгаалах, сурталчлахад чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв. Мөн манай улсын санаачилсан “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” ЮНЕСКО-гийн цуврал боть бүтээх төсөл бодитоор хэрэгжих нөхцөл бүрдсэнийг дурдав.
Түүнчлэн ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд “Хомын тал” байгалийн цогцолборт газар, ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад “Хүйс Толгойн Бичээс 1” болон “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийн бүртгэсэн бичиг” хэмээх хоёр баримтат өвийг шинээр бүртгүүлэхийг зэрэгцээ ЮНЕСКО-гийн Суралцагч хотуудын дэлхийн сүлжээнд анх удаа нийслэлийн Баянгол дүүрэг болон Орхон аймгийн Баян-Өндөр сум нэгдэж батламжаа гардан авсан тухай онцлов.
ЮНЕСКО болон Рио Тинто Монгол компанийн хамтран хэрэгжүүлж буй “Соёлын болон геологийн өвд тулгуурлан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төсөл амжилттай хэрэгжиж байгааг онцолж, уг төслийн хүрээнд Монголын анхны геопаркийг байгуулахаар ажиллаж байгаа талаар танилцуулав. Түүнчлэн 2026 оны 8 дугаар сард болох Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үеэр геопаркийн асуудлаар тусгай арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж буйг онцлон тэмдэглэсэн байна.
ЩХурлын үеэр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чинүүхэй 2025 оны үйл ажиллагааны тайлан болон 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслийг тус тус танилцууллаа. Тэрбээр өнгөрсөн онд боловсрол, соёл, байгалийн шинжлэх ухаан, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа холбоо гэсэн 5 салбарын чиглэлээрх хэрэгжүүлсэн үйл ажиллагааны гол үр дүн, ололт амжилтыг дүгнэн танилцуулж, Монгол Улс болон ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэнийг онцлон тэмдэглэв.
2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд ЮНЕСКО-гийн үйл ажиллагааг Монгол Улсад илүү үр нөлөөтэй хэрэгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, үндэсний болон олон улсын түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаар төлвлөж буйг дурдав. Цаашид илүү үр дүнд чиглэсэн, шинэлэг, бодитой санаачилга, хамтарсан ажил, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ тэнхим, хөтөлбөрүүд болон холбоот сургуулиудын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаар төлөвлөж буйг дурдлаа.
Комиссын гишүүд, холбогдох яам, байгууллагуудын төлөөлөгчид комиссын 2025 оны үйл ажиллагааны тайлан болон 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төсөлд саналаа илэрхийлж, хуралд идэвхтэй оролцов.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









