Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн боловсролын газар болон 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох газар, хэлтсийн удирдлагуудтай /2026.03.10/ уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар нийслэлийн хэмжээнд төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэд болон төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцож, хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, ахлах ангийн сурагчдын дунд мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “ХУРДАН” клубийг нийслэлийн хэмжээнд байгуулах, мөн мэдээллийн технологийн гурван төрөлт “ХУРДАН CUP” тэмцээнийг зохион байгуулах талаар ярилцлаа.
Мөн дүүрэг бүрд “ХУРДАН” цэг байгуулах, иргэдэд төрийн цахим үйлчилгээг илүү ойртуулах зорилгоор 7 хоногийн 24 цагаар тасралтгүй үйлчилгээ авах боломжтой “ХУРДАН” киоск төхөөрөмжийг дүүрэг, хороо бүрд үе шаттайгаар байршуулж, ашиглалтад оруулах асуудлыг хөндөн хэлэлцэв.
Үүнтэй холбоотойгоор дүүрэг бүрийн дэд бүтэц, боломж нөхцөл, техникийн бэлэн байдлын талаар мэдээлэл солилцож, хороодод операторын горимоор иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжийг судлан хэрэгжүүлэх талаар санал нэгдлээ.
Түүнчлэн хороодын зохион байгуулагч болон хэсгийн ахлагч нарт зориулсан цахим ур чадварын сургалтыг зохион байгуулж, иргэдэд цахим үйлчилгээ авахад нь дэмжлэг үзүүлэх хүний нөөцийг бэлтгэх шаардлагатайг онцлов.
Уулзалтын үеэр нээлттэй мэдээллийн нэгдсэн систем болох shilen.gov.mn системд нийслэлийн захиргааны байгууллагууд мэдээллээ тогтмол илгээж, ил тод байдлыг хангаж ажиллах, цаашид мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллахаар тохиролцов.
Уулзалтаас гарсан санал, шийдвэрийн хүрээнд нийслэлийн дүүргүүдэд шат дараатайгаар ажиллахаар төлөвлөж байна. Тодруулбал, дүүрэг тус бүрд нэг долоо хоногийн хугацаанд цогц арга хэмжээг зохион байгуулж, “ХУРДАН” клубийг байгуулах, “ХУРДАН” цэг болон киоск төхөөрөмжийг нээх, иргэд болон төрийн албан хаагчдад зориулсан цахим ур чадварын сургалтыг зэрэг зохион байгуулахаар тохиролцов.
Цаашид нийслэлийн дүүрэг тус бүрд ажиллах календарчилсан хуваарь, төлөвлөгөөг боловсруулж, холбогдох байгууллагуудтай дахин хэлэлцэн баталгаажуулж хэрэгжүүлэхээр боллоо.

АДМИН







Нийгэм









