Dark Light
Нийгэм | 2026-03-12

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙГ АМИА ХОРЛОХ НӨХЦӨЛ БАЙДАЛД ХҮРГЭСЭН 31 ГЭМТ ХЭРЭГ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Үе тэнгийн хүчирхийлэл нь зөвхөн бие махбодын хүч хэрэглэснээр хязгаарлагдахгүй. Хэн нэгнийг доромжлох, хоч өгөх, шоолох, гадуурхах, худал цуурхал тараах, цахим орчинд доромжлох зэрэг сэтгэлзүйн болон нийгмийн дарамтын хэлбэрүүд ч үүнд багтдаг. Эдгээр үйлдлүүд удаан хугацаанд давтагдах үед хохирогч хүүхдийн өөртөө итгэх итгэл буурч, ганцаардалд автах, сурлага муудах, сэтгэлзүйн дарамтад орох зэрэг ноцтой үр дагавар үүсдэг.

Олон хүүхэд дарамтад өртсөн ч энэ тухайгаа ил гаргаж, хүнд хэлдэггүй. Тэд айх, ичих, эсвэл “хэнд ч хамаагүй” гэж бодох нь элбэг. Зарим тохиолдолд дээрэлхүүлж буй хүүхэд өөрийгөө буруутгах хандлагатай болдог. Ийм нөхцөл байдал удаан үргэлжилбэл хүүхдийн сэтгэлзүйд гүн шарх үлдэж, ирээдүйн нийгмийн харилцаанд хүртэл сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймээс үе тэнгийн хүчирхийллийг бууруулах, таслан зогсоохын тулд нийгмийн бүх түвшинд бодитой арга хэмжээ авах шаардлагатай юм.

Сүүлийн таван жилийн хугацаанд 14-17 насны хохирогч хүүхдүүдийн судалгаанаас авч үзвэл хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх 31 гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг 5 гэмт хэрэг, дээрэмдэх 55 гэмт хэргийн хохирогч тус тус бүртгэгдсэн байна.

Хохирогч: Монгол Улсын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай” хуульд заасны дагуу гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг ойлгоно.

Нэгдүгээрт, сургуулийн орчинд аюулгүй, хүндлэлд суурилсан соёлыг төлөвшүүлэх нь нэн чухал. Багш, сурагчдын хоорондын харилцаанд анхааралтай хандаж, дээрэлхэх шинж илэрсэн тохиолдолд цаг алдалгүй арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн сургуулиуд дээрэлхэлтийн эсрэг тодорхой дүрэм, бодлого хэрэгжүүлж, сурагчдад харилцан хүндлэл, зөрчилдөөнийг тайван замаар шийдвэрлэх ур чадварыг эзэмшүүлэх сургалт зохион байгуулах шаардлагатай.

Хоёрдугаарт, эцэг эхийн оролцоо маш чухал. Эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэлзүйн өөрчлөлт, зан төлөвт анхаарал хандуулж, тэдэнтэй нээлттэй ярилцаж байх хэрэгтэй. Хэрэв хүүхэд гэнэт дуугүй болох, сургуульдаа явах дургүй болох, эсвэл сэтгэл санааны өөрчлөлт илэрвэл үүний цаад шалтгааныг ойлгож, дэмжлэг үзүүлэх нь чухал юм. Гэр бүлийн халуун дулаан харилцаа нь хүүхдийг аливаа дарамтаас хамгаалах хүчтэй хамгаалалт болдог.

Гуравдугаарт, сурагчид өөрсдөө ч нийгмийн хариуцлага хүлээх ёстой. Хэрэв хэн нэгнийг дээрэлхэж байгааг харсан бол дуугүй өнгөрөх нь асуудлыг улам даамжруулдаг. Харин багшид мэдэгдэх, эсвэл тухайн хүүхдийг дэмжих нь хүчирхийллийг таслан зогсооход чухал нөлөө үзүүлдэг. Найз нөхдийн дэмжлэг нь хохирогч хүүхдийн хувьд хамгийн том хамгаалалт болж чаддаг.

Үе тэнгийн хүчирхийлэл бол жижиг маргаан бус, хүүхдийн сэтгэлзүй, ирээдүйд ноцтой нөлөө үзүүлэх нийгмийн асуудал юм. Тиймээс сургууль, гэр бүл, нийгэм хамтран ажиллаж, харилцан хүндлэл, ойлголцолд суурилсан орчныг бүрдүүлэх, асуудлыг анхаарч, бодитой арга хэмжээ авах хэрэгтэй юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00