Зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандартыг мөрдүүлэх ажил үргэлжилж байгааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа мэдээллээ.
Энэ хүрээнд Богдхан уул-ын дархан цаазат газрын Нүхтийн амны эхэнд баригдсан, зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэл хөдөлгөөнийг хязгаарлаж байсан ойролцоогоор 273 метр урт хашааг буулгасан байна. Тус хашаа нь амьтдын байгалийн нүүдлийн замыг хааж байсан тул ийнхүү чөлөөлөх арга хэмжээ авчээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас зэрлэг амьтдын амьдрах орчин, нүүдлийн замд саад учруулахгүй байх зорилгоор “Зэрлэг амьтанд ээлтэй хашаанд тавигдах стандарт”-ыг мөрдүүлэх албан даалгаврыг 2025 оны арваннэгдүгээр сард гаргасан юм.
Энэхүү шийдвэрийн дагуу тусгай хамгаалалттай газар нутагт стандартын бус хашаа, хайс барьсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүлж, зөрчлийг үе шаттайгаар арилгах, газар чөлөөлөх ажил үргэлжилж байгааг холбогдох байгууллагаас мэдээлэв.
Албаны хүмүүсийн хэлж буйгаар цаашид дархан цаазат болон тусгай хамгаалалттай бүсэд зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэл, амьдрах орчныг хамгаалах чиглэлээр стандартын шаардлага хангаагүй байгууламжуудыг үе шаттайгаар буулгах арга хэмжээ үргэлжлэх аж.




Б.АМАРТҮВШИН







Нийгэм









