Dark Light
Нийгэм | 2026-03-13

ШИЙТГЭЛ ҮҮ, ШИЙДЭЛ ҮҮ?

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд охид нэгнээ зодож, доромжилж буй бичлэг тархсанаар үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Энэ төрлийн бичлэг сүүлийн жилүүдэд давтамжтай гарч ирдэг болсон

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр, 2026 оны гуравдугаар сарын 9-ний шөнө цахим сүлжээнд хүүхдүүд бусдыг зодож дээрэлхэж буй бичлэг нийтлэгдсэн. Уг бичлэгтэй холбоотой хэргийг цагдаагийн байгууллага гуравдугаар сарын 6-ны өдөр илрүүлж, шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Одоогоор энэ хэрэгт нийт найман хүүхдийг холбогдуулан шалгаж байгаа юм.

Урьдчилсан шалгалтаар дээрх хүүхдүүдийн дунд өмнө нь мөн дээрэлхэлтийн шинжтэй үйлдлүүд гарч байсан, мөн эцэг эхчүүдээс гомдол, өргөдөл ирж байсан нь тогтоогдсон байна. Хэргийг зохион байгуулж, бусад хүүхдүүдийг дээрэлхэх, зодох үйлдлийг удирдсан хоёр охин, хоёр эрэгтэй хүүхэд байгаа талаар цагдаагийн байгууллага мэдээлжээ.

Сургуулийн удирдлагууд энэ асуудлыг мэддэг ч бодитой арга хэмжээ авч чаддаггүй

Харин энэ асуудлаар тухайн сургуулийн нэгэн сурагч байр сууриа илэрхийлж, сургуулийн орчинд дээрэлхэлт түгээмэл болсон тухай ярив. Тэрээр “Бичлэг дээр охиныг зодож, дээрэлхэж байгаа хүүхэд бол манай сургуулийн математикийн багшийн зээ. Өмнө нь ч ийм асуудал гарч, хүүхэд зодож байгаа бичлэг нь цахим орчинд тархаж байсан. Бичлэгт хүүхдийнх нь царай тод харагдаж байхад “Миний хүүхэд биш байна. Миний хүүхэд хичээлээ сайн хийдэг” гээд хүүхдээ өмөөрөөд байдаг” гэж ярьсан юм.

Мөн тэрээр сургуулийн орчинд сурагчид хоорондоо зодолдож, дээрэлхэх явдал харьцангуй түгээмэл байдаг талаар онцолсон. “Манай сургуулийн сурагчид хоорондоо их зодолддог. Энэ нь бараг л хэвийн үзэгдэл болсон болохоор хүүхдүүд нэг их тоодоггүй. Сургуулийн захиргаа энэ талаар мэддэг ч арга хэмжээ авдаггүй” гэв.

Энэ нь сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт зөвхөн нэг удаагийн хэрэг бус, харин анхаарал хандуулах шаардлагатай тогтолцооны асуудал болж байгааг харуулж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дээрэлхэлтийг үл тоомсорлох, “хүүхдүүдийн хоорондын маргаан” гэж үзэх хандлага нь асуудлыг улам даамжруулах эрсдэлтэй байдаг. Иймд сургуулийн орчинд дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх бодлого, хяналт, хариуцлагыг илүү тодорхой болгох шаардлагатай байгааг энэ хэрэг дахин сануулж байна.

Судлаачдын үзэж байгаагаар ийм төрлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн сэтгэлзүйд урт хугацааны сөрөг нөлөө үлддэг бөгөөд айдас, өөртөө итгэх итгэл буурах, сургуульд явах дургүй болох зэрэг асуудал үүсэх эрсдэлтэй байдаг.

Тиймээс энэ төрлийн хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд зөвхөн хууль хяналтын байгууллага төдийгүй эцэг эх, сургууль, нийгмийн байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай байна. Хүүхдүүдийн хоорондын харилцаа, цахим хэрэглээ, сэтгэлзүйн орчныг анхаарч, дээрэлхэлт гарсан тохиолдолд эрт илрүүлж, таслан зогсоох нь чухал.

Олон улс орон сургуулийн орчинд дээрэлхэлтийг бууруулах тусгай хөтөлбөр, бодлого хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд зарим нь бодит үр дүнгээ өгсөн байдаг

Тухайлбал, Солонгос улс сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлтэй тэмцэх бодлого, хууль эрх зүйн зохицуулалтаараа дэлхийд тэргүүлэх улс орнуудын нэгт тооцогддог. Тус улс сургуулийн хүчирхийллийг нийгмийн ноцтой асуудал гэж үздэг бөгөөд урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариуцлага тооцох цогц тогтолцоог бий болгосон байдаг.

Тодруулбал, хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон сурагчдад есөн шатлалтай шийтгэл оногдуулдаг.

Хэрэв хүчирхийлэл үйлдэгч 14 ба түүнээс дээш настай бол бие махбодод ноцтой гэмтэл учруулсан зэрэг хүнд тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой. Харин 14-өөс доош насны хүүхдэд эрүүгийн ял ногдуулах боломжгүй бөгөөд боловсрол, хүмүүжлийн арга хэмжээ авдаг.

Сургуулийн хүчирхийллийн шийтгэл сурагчийн хувийн бүртгэлд үлддэг бөгөөд шийтгэлийн түвшнээс хамаарч хадгалах хугацаа өөр байдаг. Тухайлбал, 1–3 дугаар түвшний бүртгэлийг сурагч төгссөний дараа устгадаг бол 4–5 дугаар түвшний бүртгэлийг хоёр жил, 6–7 дугаар түвшний бүртгэлийг дөрвөн жил хадгална. Зарим тохиолдолд хохирогчийн зөвшөөрлөөр эдгээр бүртгэлийг устгах боломжтой. Харин 8 дугаар түвшний шийтгэл ямар ч онцгой нөхцөлгүйгээр дөрвөн жилийн турш хүчинтэй хэвээр үлддэг бол 9 дүгээр түвшний шийтгэл сурагчийн боловсролын баримт бичигт байнгын бүртгэл болж үлддэг.

Хүчирхийллийн түүхтэй 3273 өргөдөл гаргагчийн 2460 нь буюу 75 хувь нь хүссэн их сургуулиудад элсэх боломжоо алдсан байна. Мөн Сөүлийн томоохон их сургуулиудад өргөдөл гаргасан хүчирхийллийн бүртгэлтэй 151 сурагчаас зөвхөн нэг нь л элссэн гэсэн тоо баримт гарчээ.

Хэсэг хугацаанд нийгэм даяараа хэлэлцэж, буруутныг шийтгэх тухай санал шүүмжлэл өрнөдөг ч удалгүй намжиж, бодит өөрчлөлт төдийлөн мэдрэгддэггүй

Энэ талаар байр сууриа илэрхийлсэн Ц.Алтансор “Дээрэлхэлт өнөөдөр л гараад ирсэн шинэ асуудал биш. Олон жилийн турш давтагдсаар ирсэн нийгмийн сорилт. Нэг хэсэгтээ бүгд хохирогч, буруутны тухай ярьж, богино хугацааны арга хэмжээ аваад өнгөрдөг. Харин бид энэ асуудлыг боловсролын бодлого, сургалтын хөтөлбөрт нь системтэйгээр тусгах ёстой” хэмээн онцолсон юм.

Түүний хэлснээр, дээрэлхэлт нь зөвхөн сахилгын доголдол бус хүүхдийн сэтгэл зүй, гэр бүлийн орчин, амьдралын бэрхшээлтэй шууд холбоотой байдаг. Өөрийгөө хэрхэн удирдах, сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлэх, гэр бүлд тулгарч буй асуудлыг даван туулах зэрэг амьдрах ухааны мэдлэг дутмаг байгаагаас хүүхдийн зан төлөв гажиж, сул дорой үе тэнгийнхэндээ хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр илэрч байна гэж үзэж байна.

Иймээс “Болохгүй шүү” гэж зэмлээд орхих, эсвэл зөвхөн шийтгэлээр асуудлыг хаах биш, урьдчилан сэргийлэх бодлого, нэгдсэн арга хэмжээг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатайг онцолжээ.

Саяхан охид хоорондоо зодолдсон хэрэг олон нийтийн шүүмжлэл дагуулж, буруутай хүүхдүүдийг их дээд сургуульд элсүүлэхгүй байх зэрэг хатуу шийтгэлийн санал хүртэл гарсан. Харин боловсролын байгууллагууд боловсролын эрх, хууль зүйн хариуцлага нь тусдаа ойлголт байх ёстой гэсэн байр суурь баримталж байна. Мэдээж 14-өөс дээш насны хүүхэд бусдын биед гэмтэл учруулсан бол хуульд заасан хариуцлагаа хүлээх нь зүй ёсны хэрэг. Гэвч сургууль өөрөө шийтгэлийн орчин биш, харин хөгжүүлэх, хамгаалах орчин байх ёстой гэдгийг мэргэжилтнүүд онцолдог.

Өнгөрсөн жилүүдэд хүүхэд хамгааллын чиглэлээр 30 гаруй журам батлагдсан ч бодит хэрэгжилт сул хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор дээрэлхэлтийг эрт таних, бүртгэх, мэдээллийг нэгтгэх цахим платформ бий болгох, мөн сурагч бүр өөрийгөө аюулгүй мэдрэх итгэлцэлтэй орчны загварыг боловсруулж, улс даяар нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

Эцсийн дүндээ дээрэлхэлттэй тэмцэх нь нэг удаагийн шийтгэл, түр зуурын хэлэлцүүлгээр шийдэгдэх асуудал биш. Харин боловсролын бодлого, сэтгэл зүйн дэмжлэг, гэр бүл, сургууль, нийгмийн хамтын ажиллагаанд суурилсан урт хугацааны системтэй өөрчлөлт шаардсан сорилт хэвээр байна.

Үе тэнгийн дээрэлхэлт гэж юу вэ?

Үе тэнгийн дээрэлхэлт гэдэг нь ижил насны хүүхдүүд бие биедээ давтан, санаатайгаар бие махбод, сэтгэлзүй, хэл амаар дарамт учруулах үйлдлийг хэлдэг. Энэ нь зодох, түлхэх, доромжлох, хоч өгөх, гадуурхах, эсвэл цахим орчинд доромжлох зэрэг олон хэлбэрээр илэрдэг. Судлаачдын тодорхойлсноор дээрэлхэлт нь “давтамжтай, санаатай, хүчний тэнцвэргүй байдлыг ашигласан түрэмгий үйлдэл” гэж тодорхойлогддог.

  • НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO)-ын судалгаагаар дэлхий даяар сурагчдын бараг 32 хувь нь буюу гурван хүүхэд тутмын нэг нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байсан гэж мэдээлжээ.
  • Мөн жил бүр 246 сая орчим хүүхэд, өсвөр үеийнхэн сургууль орчимд хүчирхийлэл, дээрэлхэлтийн ямар нэг хэлбэрт өртдөг гэсэн тооцоо байдаг.
  • Цахим орчин хөгжихийн хэрээр 10 хүүхэд тутмын нэг нь цахим дээрэлхэлтэд өртдөг болсон байна.

Нийгэм бүхэлдээ дээрэлхэлт, хүчирхийллийг “хүүхдийн тоглоом” гэж харсаар байвал дараагийн бичлэг, дараагийн хохирогч гарч ирэх нь цаг хугацааны асуудал болоод байна. Бид нэг хэсэг шуураад л мартдаг. Харин хохирогч хэзээ ч мартахгүй. Энэ асуудлыг ч гэсэн хэсэг шуураад л мартах уу?


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00