Засгийн газраас хэрэгжүүлсэн Чиг үүргийн шинжилгээнд мэдээлэл ирүүлсэн төрийн захиргааны 636 байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж буй хүмүүсийн тоон мэдээллийг хүргэж байна.
Чиг үүргийн шинжилгээний хүрээнд нийт төрийн захиргааны 636 байгууллагад 3222 удирдах албан тушаалтан ажиллаж байгаа нь нийт ажилтнуудын 8.7 хувийг эзэлж байгааг албаныхан мэдээллээ.
Яамдын түвшинд 15 байгууллагад 231 удирдах албан тушаалтан ажиллаж байгаа нь 14.9 хувийг эзэлж байна. Харин 35 агентлагт 396 удирдах албан тушаалтан буюу 12.4 хувьтай байгаа бол яам, агентлагийн харьяа 408 байгууллагад 1580 удирдах албан тушаалтан ажиллаж, энэ нь 6.4 хувьтай байна.
Орон нутгийн түвшинд аймгийн Засаг даргын Тамгын газрын 21 байгууллагад 258 удирдах албан тушаалтан (16 хувь) ажиллаж байгаа бол аймгийн ЗДТГ-ын харьяа 129 агентлагт 276 удирдах албан тушаалтан (11.4 хувь) ажиллаж байгаа үзүүлэлт гарчээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын түвшинд 21 удирдах албан тушаалтан буюу 13.3 хувьтай байгаа бол нийслэлийн ЗДТГ-ын харьяа 16 агентлагт 96 удирдах албан тушаалтан (7.5 хувь) ажиллаж байна. Харин дүүргийн ЗДТГ-ын түвшинд 320 удирдах албан тушаалтан ажиллаж байгаа нь 19.6 хувийг эзэлж байгаа юм.
Эдгээр тоон мэдээллийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас гаргасан чиг үүргийн шинжилгээний 2026 оны тайланд дурдсан байна.
.jpg)
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









