АҮЭБЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин: Өнгөрсөн сарын сүүлээс энэ сарын эхээр Иран-АНУ-ын зөрчилтэй холбоотойгоор Иран улс дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн томоохон гарц болох Хормузын хоолой дээр тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Дэлхийн нийт газрын тосны тээвэрлэлтийн ойролцоогоор 20 орчим хувь нь энэ хоолойгоор дамждаг.
Үүнтэй холбоотойгоор Brent маркийн газрын тосны үнэ ойролцоогоор 30 хувиар өссөн байна. Энэ өсөлт нь манай улсын хил дээрх импортын үнэд шууд нөлөөлнө.
Энэ онд бид БНХАУ-аас нефтийн бүтээгдэхүүн импортлох боломжгүй болсон. Учир нь Хятад улс гадагш нефтийн бүтээгдэхүүн экспортлохыг саяхан хориглосон.
Иймээс бид ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнээ 100 хувь авах нөхцөл бүрдсэн. Та бүхэнд өмнө нь мэдээлж байсанчлан АИ-92 бензиний үнийг тогтворжуулах гэрээ байгуулсан. Уг гэрээ 2026 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Тонн тутмын үнэ ойролцоогоор 705 ам.доллар байгаа.
Гэхдээ энэ үнэ 30 хувиас дээш өсөх, эсвэл буурах тохиолдолд аль нэг талын санаачилгаар үнийг дахин хэлэлцэж өөрчлөх заалттай. Тиймээс ойрын гурван сарын хугацаанд АИ-92 бензиний үнэ тогтвортой байх боломжтой гэж ойлгож болно.
Харин үнэ чөлөөлсөн Евро-5 дизель түлш болон зарим төрлийн бензиний үнэ хэлбэлзэхийг үгүйсгэхгүй.
Дайн эхлэхээс өмнө Brent маркийн газрын тосны үнэ баррель нь 71 ам.доллар байсан бол өнөөдрийн байдлаар нээлтийн ханш 100 ам.доллар орчимд хүрээд байна. Манай талын таамаглаж буйгаар ойрын хугацаанд 90-120 ам.долларын хооронд хэлбэлзэх магадлалтай.
Үнэ өдөр бүр өөрчлөгдөж байна. Уржигдар баррель нь 91 ам.доллараар, өчигдөр 98 ам.доллараар хаагдсан. Харин өнөөдрийн нээлтийн ханш 96-97 ам.доллар орчим байна.
Эдгээр үнийн дундаж үзүүлэлтэд үндэслэн бид ОХУ-тай хил дээрх үнийг тохирдог. Дөрөвдүгээр сарын нефтийн захиалгын үнэ гуравдугаар сарын 25-нд ирнэ.
Өчигдөр бид үнийн зөвлөлөө хуралдуулж, цаашид үнийн хэлбэлзэл ямар байх талаар дахин хэлэлцэхээр болсон. Одоогийн байдлаар Монгол Улсад ойрын долоо хоногт шатахууны үнэ харьцангуй тогтвортой байх төлөвтэй байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм









