Улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн 2026 оны 03 дугаар сарын 12–13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, тус зөвлөгөөнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагууд, 21 аймаг, 9 дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга нар болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Зөвлөгөөнийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Давааням нээж, байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайланг видео хэлбэрээр танилцууллаа. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Эрдэнэбулган нар мэндчилгээ дэвшүүлж, улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн болон цаашдын зорилтын талаар санал бодлоо хуваалцан зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүслээ.
Зөвлөгөөний эхний өдөр “Байгууллагын хөгжил, цаашдын чиг хандлага” сэдвийн хүрээнд илтгэлүүд хэлэлцэв. Эхний илтгэлийг Ёс зүйн хорооны гишүүн, АУ-ны доктор М.Цэрэнбат, үргэлжлүүлэн судлаач, хууль зүйн доктор Н.Алтансүх, Монгол Улсын Төрийн шагналт, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.Нарангэрэл, “Инфо Сек Плас” компанийн гүйцэтгэх захирал У.Ганбаяр, “И-Монгол” академийн Цахим засаглалын хэлтсийн дарга Х.Энхманлай, УИХ-ын даргын Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөх Г.Ирээдүй, “Ондо” ХХК-ийн захирал Б.Мандуул, ШУТИС-ийн Математикийн тэнхимийн доктор (Ph.D), дэд профессор Б.Ууганбаяр, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Эрдэнэбаяр, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны ахлах мэргэжилтэн Э.Балдансамбуу нар сонирхолтой илтгэлүүдийг танилцууллаа.
Зөвлөгөөний хоёр дахь өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нар “Бодлого, хөгжлийн удирдлага” сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, байгууллагын дотоод үйл ажиллагаа, зохион байгуулалт, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх асуудал болон цаашид хэрэгжүүлэх онцлох ажлууд, анхаарах чиглэлүүдийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцов.
Улсын бүртгэлийн байгууллага 2026 оныг “Боловсрол, бүтээмжийг дээшлүүлэх жил” болгон зарлаж, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, бүртгэлийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, өгөгдлийн найдвартай байдлыг хангах, шийдвэр гаргалтын үр ашгийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд бүртгэлийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухаанд суурилсан технологийг үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөлөө.
Удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд нийт 40 гаруй албан тушаалтан оролцсон бөгөөд зөвлөгөөний төгсгөлд гэрчилгээ гардуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга хаалтын үг хэлж, нэгжийн дарга нарт үүрэг чиглэл өглөө.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм









