Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны дарга, удирдлагууд гепатит Д вирустэй иргэдийн төлөөллийг өчигдөр Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзсан.
Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/272 дугаар “Журам батлах тухай” тушаалын дагуу гепатит Д вирусийн халдварын үед булевиртид эмийн эмчилгээний асуудлыг шийдвэрлэн хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 180 эмчлүүлэгч эмчилгээнд хамрагдсан байна.
Олон улсын эмчилгээний удирдамжид булевиртид эмийн эмчилгээг 96 долоо хоног хийхээр баталсан байдаг. Тус хугацаанд эмчилгээнд хамрагдаж, эмчилгээ нь дуусаж буй иргэд болон энэ онд шинээр эмчилгээнд хамруулах иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор уулзалт хийсэн юм.
Уулзалтаар, Эмчилгээ нь дууссан иргэд цаашид өвчнөө хэрхэн хянах, ямар эмчилгээг хэрхэн яаж хийлгэх, илүү олон хүнийг эмчилгээнд хамруулах боломж, шинэ эмийн эмчилгээний сонголт, судалгааны үр дүнгийн талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өгч, иргэдийн асуултад дэлгэрэнгүй хариуллаа.
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд гепатит В, D вирусийн халдвартай 4000 орчим хүн идэвхтэй хяналтад байдаг. 2025 онд албан бичгээр авсан судалгаагаар хөдөө орон нутагт гепатит В, D вирусийн халдвартай, идэвхтэй хяналтад 3000 орчим хүн эмчилгээнд хамрагдахаар хүлээгдэж байна.
2026 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 180 гаруй хүнийг шинээр эмчилгээнд хамруулах боломжтой байгаа юм. Энэ хүрээнд гепатит Д вирусийн эсрэг булевиртид эмийн эмчилгээнд хамруулах журмыг шинэчлэн батлахаар ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд иргэдийг эмчилгээнд хамруулахтай холбоотой зөрчлүүд илэрсэн бөгөөд ХӨСҮТ-д ЭМЯ-аас хоёр удаагийн шалгалт оруулсан. Мөн иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу "Эмчилгээнд хамруулах эмч нарын багийн бүрэлдэхүүн"-д өвчтөний төлөөллийг ажиглагчаар оруулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн үүрэг болголоо.
Ингэснээр эмчилгээнд хамруулах үйл ажиллагаа ил тод, нээлттэй, хяналттай явагдах юм. Журмыг шинэчлэн баталснаар 2026 оны дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ажлын хэсэг хуралдан иргэдийг эмчилгээнд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









