Өмнөговь аймагт “Говтйн бүсийн хөгжил-2026: Зам, тээврийн салбар” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, холбогдох төрийн байгууллагын удирдлагууд оролцлоо.
Мөн "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун тэргүүтэй тус компанийн орон нутгийн салбар оффист ажиллаж буй инженер, техникийн ажилтнууд, Өмнөговь аймгийн Даланзадгад хотын “Гурвансайхан” нисэх буудлын хамт олон, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, говийн бүсэд хэрэгжиж буй төмөр зам, авто зам, иргэний нисэхийн дэд бүтцийн төслүүдээ олон нийтэд танилцууллаа.
Өдөрлөгт аймаг орон нутагт суралцаж буй ЕБС-ийн төгсөх ангийнхан, МСҮТ-ийн оюутан залуус, иргэд оролцож, салбарын үйл ажиллагаа, төмөр зам, нисэх зэрэг салбарт одоо хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын томоохон төслүүд, ОХУ, БНСУ, БНХАУ руу төмөр замын чиглэлээр тэтгэлгээр суралцах нэмэлт боломжуудтай танилцаж, ЗТЯ болон төмөр зам, иргэний нисэхийн байгууллагуудын холбогдох албаны мэргэжилтнүүдээс хэрэгцээт зөвлөгөө мэдээллээ авлаа.
Нээлтийн үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ Өмнөговь аймаг нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг бодитоор тэтгэж буй стратегийн бүс нутаг бөгөөд говийн бүсэд хэрэгжиж буй дэд бүтцийн төслүүд нь зөвхөн нэг аймгийн асуудал бус, улсын хөгжил, экспортын өрсөлдөх чадвартай шууд холбоотой гэдгийг онцоллоо.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн эхэнд эрэмбэлэгдсэн төмөр замын бүтээн байгуулалт мөн Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгон, өргөтгөн шинэчлэх ажил нь говийн бүсийн эдийн засаг, аялал жуулчлал, тээврийн системд томоохон хувь нэмэр оруулна гэдгийг албаныхан хэлж байна.
ЗТЯ-наас сүүлийн жилүүдэд говийн бүсийн төмөр замын салбарт орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, оюутан залуусыг БНСУ-ын Дуньяан их сургууль, БНХАУ-ын Бээжингийн Зам харилцааны их сургууль, Бугат хотын Төмөр замын технологийн коллежид тэтгэлгээр суралцуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, говийн бүсийн оюутан залуусыг сурч боловсроход нь бодлогоор дэмжин ажиллаж байна.
Мөн зам, тээврийн салбарт, говийн бүсэд шинээр хэрэгжиж буй төслүүдийн хүрээнд орон нутгийн залуусыг урт болон богино хугацааны сургалтад хамруулан мэргэшүүлж, тогтвортой ажлын байраар хангаж байна.
Говийн бүсэд ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төв оффисын салбар нэгжийг Тавантолгой өртөөнд шинээр байгуулахаар төлөвлөн, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд эхний ээлжинд 73 хүний орон тоотойгоор салбар оффис байгуулагдаад байна.
Цаашид уртын ээлжээр ажиллаж буй албан хаагчдыг бүс орон нутгаас ажиллуулах, нийгмийн баталгааг хангах зэрэг ажлууд үе шаттайгаар хийгдэнэ.
Монголын төмөр зам” ТӨХК-д Говийн бүсийн харьяалалтай 339 ажилтан ажиллаж байна. Энэ нийт ажилтнуудын 24.6 хувийг эзэлж байна.
Говьсүмбэр аймаг 21,
Өмнөговь аймаг 96,
Дундговь 26,
Дорноговь 196
”Монголын төмөр зам” ТӨХК-иас 2025 онд, өнгөрсөн намар Өмнөговь, Дундговь аймагт “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд 53 нээлттэй ажлын байрыг танилцуулсан. Энэ өдөрлөгийн үеэр ажилд орохыг горилж буй нийт 73 хүний анкетыг хүлээн авсан. Үүнээс төмөр замын мэргэжилтэй 17, дэмжих бүлгийн 5, нийт 22 ажил горилогчийг ажлын байраар хангасан байна.
Говийн бүсийн Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудад төмөр замын мэргэжлийг сурталчлах, мэргэжил олгох богино хугацааны сургалтуудыг үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд ачаа вагон хүлээлцэгч, вагон үзэгч засварчин, илчит тэрэгний засварчин зэрэг мэргэжлээр 37 суралцагчийг төгсгөж, 13 суралцагчийг шууд ажлын байраар ханган ажиллаж байна.
Т.УНДРАХБАЯР





Нийгэм








