УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн шөнө дундын яриаг үзээд ойлгосон нь цөөхөн, ойлгоогүй нь олон, монгол хэлнээс монгол хэлэнд орчуулсан хөрвүүлсэн постууд хөвөрлөө. Ерэн оноос хойших бүх Ерөнхий сайдаас 4 жил 4 сар ажиллаж дээд амжилт эвдсэн Л.Оюун-Эрдэнэ 4 цаг 48 минут ярьж телевизийн эфирийн дээд амжилт эвдлээ. Сэтгүүлч өмнөх 10 Ерөнхий сайдын нийлсэнтэй ойролцоо 104 их наядын төсөв зарцуулж, дээд амжилт эвдсэнийг нь санууллаа. Яриаг нь сайн ойлгоогүйгээс болсон уу, дээд амжилтаас гадна диван буйдан эвдсэн үү, угаасаа эвдэрхий байсан уу, LV гутлын үнэ хэд вэ, гурван багшийн цалин хүрэх үү гэх мэт шал өөр сэдвээр хоорондоо талцан хэрэлдлээ. Л.Оюун-Эрдэнэ юу гэснийг ойлгох гээд үзвэл ойлгож бас болно. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад Л.Оюун-Эрдэнээс бусад нь буруутай гэж ойлгуулах гээд байгааг ойлгов уу? Ерөнхий сайдын алдаанд Ерөнхий сайд биш Ерөнхийлөгч У.Хүрэлсүх буруутай гэж ойлгуулах гээд байгааг нь бол ойлголоо. Жишээ нь гуанзанд хоол идсэнээс болж, АН-ын Х.Баттулгыг МАН-ын даргын зөвлөхөөр авсан, “Бодь”-ийн нүүрсний 6 офттейк гэрээний 4-ийг нь өөрийнх нь Засгийн газар хийж орхисон зэрэгт Ерөнхий сайд ерөөсөө буруугүй гэж ойлгуулах гээд байгааг нь ойлгосон уу? Харбины гэрээгээр Тавантолгойн нүүрсийг 5 хувь хямд авъя гэж хятадууд өөрсдөө хэлж байхад нь 50 хувь хямдруулж өгсөн нь ойлгомжгүйг бол ойлгож авлаа. Ерөөсөө ярилцлага үзсэн хүмүүс 1-рт, ойлгоогүйгээ ойлгосон, 2-рт, ойлгоогүйгээ ойлгоогүй гэсэн хоёр хэсэг болсон байна. Парламентын дархлаа бол парламентын гишүүдийн дархан эрх гэж ойлгох ёстойгоо ойлголоо. Амьтан бүхэн тэгш эрхтэй, гахай илүү тэгш эрхтэй гэдэг нь иргэн бүхэн тэгш эрхтэй, эрхэм гишүүн илүү тэгш эрхтэй гэж ойлгох ёстойгоо ойлголоо. Парламентын даргын өрөөнд парламентын гишүүн хутгатай хүн дагуулж орох нь парламентын дархлаа юу, парламентын шархлаа юу гэдэг нь ойлгомжгүй байна. Шүүмжилсэн гишүүний эхнэрийн компанийг нэгжих, жагссан иргэнээ гурилдах нь парламентын дархлаа юу, парламентын шархлаа юу гэдэг нь ойлгомжгүй хэвээрээ үлдлээ. Нүүрсний үнэ өсөхөд төсвийн орлого 125 их наяд болсон цахилгаан станц бариагүй нь бол ойлгомжтой байна. Авлигатай тэмцсээр байгаад авлигын индексээр ухарсан нь төсөөлөл гэдгийг төсөөлж ойлгох хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ Хуулийн сайд Б.Энхбаярыг Бодь группын Голомт банкнаас 500 мянга юм уу, 1,5 сая доллар авсныг хамт байлцсан хүн хэлсэн гэдэг хэсгийг нь бол ойлголоо. Харин 500 мянга юм уу, 1,5 сая юм уу гэдэг нь жаахан ойлгомжгүй байлаа. Харин хамгийн сонирхолтой хэсэг Ерөнхийлөгчийн өрөөнд мөлхөөгөөрөө орж ирэх, хөлийг нь тэвэрч авч үнсдэг тухай байлаа. Хөлөө тэврүүлж үнсүүлсэн нь Х.Баттулга гэдэг нь ойлгомжтой ч хөл тэвэрч үнссэн нь хэн бэ гэдэг нь ойлгомжгүй л үлдлээ.
Нийгэм | 2026-03-16
Сэтгэгдэл бичих
Т.УНДРАХБАЯР








Нийгэм






