Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй "Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч" цол хүртлээ.
Т.Өсөх-Ирээдүй “Сэтгэл их сайхан байна. Монгол улс орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 105 жилийн ой, Монгол цэргийн өдөр, Батлан хамгаалахын яамны харьяа Алдар Спорт хороо үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойдоо "Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч" гэх эрхэм цолоор шагнагдсандаа баяртай байна.
Алдар Спорт хорооноос төрсөн 25 дахь “Гавьяат дасгалжуулагч" болж байгаа юм байна. Энэ сайхан баярт мөчийг хуваалцах гэж төрүүлж өсгөсөн аав, ээж, түшиж тулж яваа хань ижил, багш гэх эрхэм алдрыг хүртээсэн олон сайхан шавь нар, хамтран зүтгэгчид, Алдар Спорт хорооны хамт олон, АПУ компанийн хамт олон, NTV телевиз, Шунхлай группийн хамт олон гээд маш олон хүмүүс ирсэн байна. Бүгдэд нь баярлалаа.
Анх 17 настай Алдар Спорт хороог өөрөө хайж, олж очсон. Энэ жил 28 дахь жилдээ алба хааж, цэргийн жинхэнэ албан хаагч болоод 26 жил болж байна. Алдар Спорт хорооныхоо түүхэн ойн өдөр шагнагдаж байгаадаа баяртай байна.
Хийж бүтээснийг минь үнэлж, хийж бүтээхэд урам зориг нэмсэн шагнал авлаа. Монгол бөх Монголын уламжлалт спортын төрөлд, Монголын гэх сайн сайхан бүгдийг шингээсэн, үеийн үед, цагийн цагт хөгжин дэлгэрч ирсэн Монгол бөхийн их буян хишигт залбирч байна” гэв.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм








