УИХ-ын гишүүн О.Номинчимэг мэдээлэл хийлээ.
О.Номинчимэг “2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 78 гишүүний санаачилгаар тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Монгол улс тамхины хэрэглээгээрээ Ази, Номхон далайн бүс нутагт хамгийн өндөр хэрэглээтэй улсуудын тоонд орж байна. Нийт хүн амын 28-29 хувь нь тамхины хэрэглээтэй байна.
Шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний хэрэглээний хууль, зохицуулалт байхгүйн улмаас хүүхдүүдийн хэрэглээ маш их гарсан. 13-17 насны 4 хүүхэд тутмын нэг нь тамхи хэрэглэж байгаа гэсэн судалгаа байгаа ч яг бодит амьдрал дээрээ 4 хүүхэд тутмын нэг нь л татдаггүй нөхцөл байдалтай байна.
Залуучуудын эрүүл мэндийг хамгаалах үүднээс шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнийг хуулийн зохицуулалтад оруулах, дотор орчинд татдаггүй болгох, тусгай зөвшөөрөлтэй болгох хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд “vape” буюу электрон тамхиар дамжин мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис зөөвөрлөх шинэ хэрэгсэл болон хувирч байна. Хүүхэд залуусын анхаарал татахуйц нэр, дүрстэй савлагаа дор худалдаалагдаж байгаа юм.
ЦЕГ-ын албан ёсны мэдээллээр 2022-2025 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг электрон тамхи, түүний шингэн саваар дамжуулан нуун далдалсан 19 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Монгол улсад ямар ч хуулийн зохицуулалт, хяналт байхгүйгээр орж ирж, худалдан борлуулагдаж байгаа энэ үед хуулийн зохицуулалтыг яаравчлан хийх шаардлагатай байна” гэв.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм









