Dark Light
Нийгэм | 2026-03-18

ЦЭЦИЙН ДҮГНЭЛТҮҮДИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.03.18/ хуралдаан 12.07 цагт О.Алтангэрэл, Ж.Батжаргал, А.Ганбаатар, Ц.Идэрбат, Н.Учрал, Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Г.Уянгахишиг, Д.Энхтуяа, Б.Батбаатар, С.Бямбацогт, С.Зулпхар, Ц.Сандаг-Очир, Б.Хэрлэн нарын 17 гишүүн ирснээр 53.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.
 
Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт байлаа. Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулав.
 
Үндсэн хуулийн цэц 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн.
 
Энэхүү хуралдаанаар тус хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэж заасны “… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн ...” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “… Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. ...” гэж заасанд нийцээгүй; түүнчлэн тус хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэж заасны “... уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш ...” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор ... шийдвэрлэнэ.” гэж заасанд нийцээгүй гэж шийдвэрлэж, эдгээр зохицуулалтыг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэх тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг гаргасан байна.
 
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.
 
Мөн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Тус дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулсан юм.
 
Үндсэн хуулийн цэц 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дунд суудлын хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ.
 
Энэхүү хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэнд нийцээгүй гэж шийдвэрлэж, уг зохицуулалтыг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэх тухай Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт гаргасан байна.
 
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа асуулт асууж, тайлбар авсан бөгөөд эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.
 
Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв.
 
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явуулав.
 
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан нарын гурван гишүүний 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нарын хоёр гишүүний мөн өдөр өргөн мэдүүлсэн Санхүүгийн хоршооны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00