Dark Light
Нийгэм | 2026-03-18

102 КМ ҮЕРИЙН ДАЛАН СУВАГ, 50 КМ БОХИР УСНЫ ШУГАМ, ХИЙНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн зүгээс Дэлхийн банктай хамтран иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таэхюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Тодруулбал, нийслэлд тулгамдаж буй үер, усны асуудлыг шийдвэрлэх “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төслийн хүрээнд 17 байршилд үерийн хамгаалалтын 102 км далан суваг, инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламжийг өргөтгөх, 50 км урт бохир усны шугам, худаг доторлогооны ажлыг хийнэ. 

Үүнтэй холбоотойгоор хотын дарга Х.Нямбаатар Дэлхийн банкны төлөөлөгчдөд уг төслийн нарийвчилсан зураг төсөл, ТЭЗҮ, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулахад буцалтгүй тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрчлэн “ТЭЗҮ-ийн судалгаагаар төслийн байршилд 560 мянга орчим хүн ам үерийн эрсдэлд өртөх магадлалтай бөгөөд 1.2 их наяд төгрөгийн хэмжээний хохирол учрах эрсдэлтэй гэсэн тооцоолол гарсан. Энэ нь энэхүү төслийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг тодорхой харуулж байна. Мөн та бүхний санал болгосон Улаанбаатар хотын үерийн эрсдэл болон түүнийг бууруулах арга хэмжээний талаарх семинарыг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулах санаачилгыг нийслэлийн зүгээс бүрэн дэмжиж байгаа бөгөөд зохион байгуулалтыг Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханд хариуцуулан ажиллаж байна” гэв.

Мөн талууд “Тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд Улаанбаатар хотын зам, тээврийн хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, сонгогдсон гудамж замуудын одоо байгаа сүлжээг засварлан, шинэчлэх, шинээр авто зам барих, замын хөдөлгөөний удирдлагын төвийг шинэчилж, нэгдсэн системийг бий болгохоор төлөвлөж буй. Дэлхийн банкны зүгээс уг төслийн гэрээлэлтийн үйл явцыг илүү шуурхай, үр дүнтэй зохион байгуулах шаардлагатайг онцоллоо. Тухайлбал, өнөөдрийн байдлаар төслийн нийт хэрэгжилт ойролцоогоор 15 хувьтай байгаа юм. Мөн цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ. 

Харин хотын дарга Х.Нямбаатар төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, удаашрал үүссэн асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хэрэгжилт саатсан болон эрсдэлтэй төслүүд дээр биечлэн ажиллана гэдгээ илэрхийлэв. Мөн төслүүдийн явцыг хурдасгах, бодит үр дүнд хүргэхэд удирдлагын түвшний хяналт, оролцоо чухал гэдгийг онцолсон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00