Dark Light
Нийгэм | 2026-03-19

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ШАТАНД ГАРГАНА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

МҮХАҮТ болон Казахстан улсын “KazTrade” компанийн хамтран зохион байгуулсан “Монгол–Казахстаны бизнес уулзалт” амжилттай болж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой чиглэлүүдийг тодорхойлов.

Уулзалтад төр, хувийн хэвшлийн төлөөлөл өргөнөөр оролцож, худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр логистик, хөдөө аж ахуй, уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцсэн юм.

Арга хэмжээний нээлтэд БНКазУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алмас Сейтакынов оролцож, төрийн дээд түвшний харилцан айлчлалуудын үр дүнд улс төрийн итгэлцэл бэхжиж, бизнесийн тогтвортой орчин бүрдэж байгааг онцлон тэмдэглэлээ.

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах түр хэлэлцээрийн хүрээнд 375 нэр төрлийн бараанд ногдуулах татварын хөнгөлөлтийг бодитоор ашиглах боломж нээгдэж буйг дурдлаа. Тэрбээр энэхүү боломжийг ашиглан хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистикийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг уриалсан юм.

Мөн Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцийн яамны Тэргүүн дэд сайд Айжан Бижанова хэлэхдээ 2025 оны байдлаар хоёр улсын худалдааны эргэлт тогтвортой өсөж, ялангуяа Монгол Улсаас Казахстан руу чиглэсэн экспорт гурав дахин нэмэгдсэнийг онцлоод 2026 оны тавдугаар сараас хэрэгжих түр хэлэлцээрийн хүрээнд 370 орчим нэр төрлийн барааг татваргүй нийлүүлэх боломж бүрдэхийг тэмдэглэв. Казахстан улс үр тариа, гурил, ургамлын тос болон хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн тарифын бус саад тотгорыг бууруулах, хорио цээрийн протоколуудыг уялдуулах чиглэлд ахиц гарч байгааг дурдсан бөгөөд энэ нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэв.

Логистикийн салбарын чиглэлээр  “Ландэкс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Гэрэлмаа “Транс-Алтай” болон “Дундад коридор”-ын ач холбогдлыг танилцуулж, бүс нутгийн тээврийн холболтыг сайжруулах төслүүдийг хэрэгжүүлснээр тээврийн зардлыг бууруулж, бараа эргэлтийг хурдасгах боломжтойг онцолсон юм. Харин “Тау-Кен Алтын” ХХК-ийн захирал Арнур Айдарханов уул уурхай, металлургийн салбарт хамтран ажиллах, туршлага солилцоход бэлэн байгаагаа илэрхийллээ.

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул  Монгол Улсын эдийн засгийн орчин болон Казахстаны бизнес эрхлэгчдэд нээлттэй боломжуудын талаар сонирхолтой илтгэл тавьсан юм. Тэрээр Монгол Улсын ДНБ 2025 онд 89.9 их наяд төгрөгт хүрч, эдийн засаг эрчимтэй тэлж байгааг онцлоод, ялангуяа мах, махан бүтээгдэхүүний экспортын нөөц бололцоо 150-200 мянган тонноор хэмжигдэж байгаа нь Казахстаны зах зээлд нийлүүлэх стратегийн чухал салбар болохыг тэмдэглэв. Мөн Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин шинэчлэгдэж, гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлэх эрх зүйн баталгаа бэхжиж байгааг дурдаад, МҮХАҮТ-ын 21 аймаг дахь салбар болон 15 бизнес зөвлөлөөр дамжуулан Казахстаны компаниудыг Монголын зах зээлд хөл тавихад нь бүх талын дэмжлэг үзүүлж, "гүүр" болон ажиллахаа илэрхийлсэн бол “Рикс” ХХК-ийн төлөөлөгч Михаил Франко өөрийн брэндийг Монголын зах зээлд урт хугацаанд нийлүүлэх сонирхлоо илэрхийлэв.

ЭЗХЯ-ны ХЭЗХАБГ-ын дарга Д.Эрдэнэтуяа  Монгол, Казахстаны худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх бодит боломж бүрдсэнийг онцлоод, 2025 онд Казахстан руу хийсэн экспорт 94 хувиар өсөж, ялангуяа адууны мах болон сүлжмэл бүтээгдэхүүний борлуулалт үсрэнгүй нэмэгдсэнийг дурдсан юм. Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан түр хэлэлцээрийн үр дүнд манай экспортлогчид жилд 16.6 сая ам.долларын татварын хөнгөлөлт эдлэхээс гадна дизель түлш, элсэн чихэр зэрэг өргөн хэрэглээний барааны импортын татвар тэглэгдэж, үнэ буурах нөхцөл бүрдсэнийг илтгэлдээ дурдлаа. 

Уулзалтын үеэр бодит түншлэлийг бэхжүүлэх хүрээнд хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурсан нь энэхүү арга хэмжээний гол үр дүн боллоо. Тухайлбал, "Ландэкс" ХХК болон Казахстаны "ИП Мизанбай" компаниуд тээвэр логистикийн салбарт хамтран ажиллахаар болсон бол Казахстаны «Kazbaza» LLP компани нь Монголын «Mon Minerals Transcendent Logistics» ХХК болон «Bitumina Mongolia» ХХК-иудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

Эдгээр хэлэлцээрүүд нь хоёр улсын хооронд тээвэр логистикийн саад тотгорыг арилгах, дэд бүтэц, хөдөө аж ахуй, технологийн салбарт хамтарсан хөрөнгө оруулалт хийх, улмаар Төв Азийн бүс нутаг дахь эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах эрмэлзэлтэй байгаагаа бататгаж, уулзалтыг өндөрлүүлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00