Дахиад 5 минут…
Олон залуусын өглөө энэ өгүүлбэрээр эхэлдэг. Нүдээ нээхэд аль хэдийн хоцрох шахсан, нойрмог, ажил руугаа яаран гүйх нь олон. Чи ганцаараа биш. Ихэнхдээ асуудал залхууралд биш, орой унтах дадал, зорилгогүй өглөө, утасны хамааралд байдаг. Шөнө орой утсаа оролдсоор унтвал тархи амраагүй хэвээр өглөөг угтдаг. Тиймээс сэрүүлэг дуугарахад бие босохоос татгалздаг байна.
Өглөөний сэрүүлэг дуугарахад л унтраагаад буцаад унтчихдаг хүмүүс бий.
Тэд залхуу ч биш, хариуцлагагүй ч биш. Зүгээр л өглөөний хүн биш. Ажилдаа хоцрох бүрдээ маргааш заавал эрт босно гэж өөртөө амладаг ч маргааш нь дахиад л ижил өглөө угтана. Сэрүүлэгтэй хийдэг өглөөний дайн, хөнжлөөсөө салах дургүй байдал ганц удаагийн алдаа биш, давтагддаг амьдрал.
Нийгмийн ойлголт
Нийгэм бидэнд өглөө эрт босдог хүн л амжилттай гэсэн ойлголтыг суулгасан. Гэтэл бодит байдал дээр хүн бүрийн биеийн хэмнэл өөр. Зарим хүн өглөө бүрэн сэрж чаддаг бол зарим нь орой илүү бүтээмжтэй байдаг байна. Энэ бол зан чанар бус, бие махбодын онцлог. Өглөө сэрэхгүй байна гэдгээрээ хүн муу, хариуцлагагүй болчихдоггүй. Харин өөрийнхөө хэмнэлийг ойлгож амжаагүй л байж магадгүй.
Өглөөний хүн амжилттай хүн гэдэг стандарт
Сошиал орчинд 5 цагт босож гүйдэг, ном уншдаг, кофе уугаад өдрөө төлөвлөдөг төгс өглөөнүүд олон харагддаг. Гэтэл тэр бүх зураг бодит амьдралын ганц л хэсэг. Харин бодит байдал дээр олон залуус өглөө яарч, толгой нь бүрэн сэрээгүй байхад ажлынхаа үүдэнд ирчихсэн байдаг. Бусдын өглөөг өөрийнхөөрөө хэмжих тусам өөрийгөө л буруутгадаг. Харин өөрийн бодит амьдралд тохирох хэмнэлээ олох нь илүү чухал.
Дуслыг хураавал далай
Өглөө эрт босох гэдэг нь маргаашаас эхлээд бүхнийг өөрчлөх тухай биш. Сэрүүлгээ хол тавих, өглөө хамгийн түрүүнд өөртөө таалагддаг жижиг зүйл хийх, эсвэл орой унтахын өмнө утсаа арай эрт тавих зэрэг нь өөртөө дарамт учруулахгүй жижиг алхмууд байж болно. Би чадахгүй гэж өөрийгөө загнах биш, би оролдож байна гэж өөрийгөө ойлгох чухал.
Өөртөө зөөлөн хандах нь
Өглөө бол өдрийн эхлэл. Амьдралын бүх үнэ цэнэ өглөө хэдэн цагт босдогоор хэмжигдэхгүй. Өөрийгөө байнга зэмлэдэг залуус өглөө бүр ядарсан мэдрэмжтэй босдог. Харин өөртөө зөөлөн ханддаг хүн бага багаар урагшилдаг.Өглөө эрт босдоггүй байлаа гээд чи хоцрогдсон хүн биш. Өөрийгөө ойлгож, өөрийнхөө хурдаар урагшлаарай.
Т.УНДРАХБАЯР






Нийгэм








