УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өглөө.
Л.Оюун-Эрдэнэ “Миний бие “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орж байх үедээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг “Бодь”-оос хандив нэрээр 500 мянган ам.долларыг авсан асуудлыг АТГ-т шалгуулна гэж хэлсэн. Өнөөдөр энэ амлалтаа биелүүлэхээр АТГ-т ирлээ.
4 бүлэг 894 хуудас баримт бэлдэж АТГ өгөх гэж байна. Нэгдүгээр бүлэг нь “Бодийн оффтэйк”-тэй холбоотой асуудал, дараагийнх нь “Нүүрсний сонсгол”-той холбоотой материалууд, гуравдугаарт “Б.Энхбаярын авлигал”-тай холбоотой асуудал мөн холбогдох гэрч болон зарим нотлох баримтуудыг энд хавсаргасан. Дөрөвдүгээрт нь “Б.Энхбаяртай холбоотой бусад авлигалын асуудал” гэсэн 4 бүлэгт хуваасан.
Б.Энхбаяр сайд байхаараа юм дуугардаггүй, сайд биш болохоороо дуугардаг хүмүүсийн нэг байгаа юм. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь “Бодь” группийн захирал Д.Баясгалангаас 2 хүний хамт буюу дөрвүүлээ 500 мянган ам.долларыг нэг удаа, 800 мянган ам,долларыг нэг удаа авсан. Нийт 1,3 сая ам.долларыг бэлнээр авсан байна. Энэ асуудлыг гэрч, холбогдох баримттай нь АТГ өгч байгаа юм. Б.Энхбаяр “Бодь” групптэй өмнө ч холбоотой байсан нотлох баримтууд гарч ирсэн.
Өнөөдөр эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар УИХ гишүүн Л.Оюун-Эрдэнэ миний бие энэхүү гомдлыг гаргаж, холбогдох баримтуудын хамт АТГ-т хүлээлгэн өгч байна” гэв.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









