Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Хятадын Коммунист намын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад энэ гуравдугаар сарын 22-24-нд айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд өнөөдөр Бээжингийн робот үйлдвэрлэлийн паркийн үйл ажиллагааг үзэж сонирхов.
Бээжин нь дэлхийн роботын хэрэглээний тэргүүлэгч хот болох зорилтынхоо хүрээнд Дашин дүүргийн И-Жуан эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд олон улсад тэргүүлэх ухаалаг роботын үйлдвэрлэлийн загвар парк байгуулжээ.
Парк нь роботтой холбоотой бүх түвшний технологийн дэвшил, хэрэглээний орчинд зориулсан загвар, туршилтын чиглэлүүдийг төвлөрүүлж, роботын үйлдвэрлэлийн экосистемийг бүрдүүлж, чухал эд ангиуд болон үйлдвэрлэлийн гинжин холбоог бий болгосон байна.
Одоогоор тус паркт хүн хэлбэрийн робот, эмнэлгийн робот, тусгай зориулалтын робот, роботын эд анги зэрэг салбарын 100 гаруй компани төвлөрөөд байгаа аж.
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралыг дагалдан Хятадын Коммунист намын Төв хорооны ГХГ-ын дэд дарга /дэд сайд/ Чэнь Жөү болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллав.
Хятадын роботын үйлдвэрлэлийн инновац болон хэрэглээний хэтийн төлөвийг харуулсан гол загвар болох тус паркийн хамгийн эрэлттэй болон сүүлийн үеийн бүтээлүүдийг Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал болон дагалдан яваа албаны хүмүүст танилцуулж, сонирхуулсан.
Гэр ахуйн хэрэглээ, асаргаа, цэвэрлэгээ, хүүхдийн тоглоомоос эхлээд эрүүл мэнд, эмнэлгийн салбар, хүнс, худалдаа үйлчилгээ, зар сурталчилгаа, спортын талбар, хүнд үйлдвэрт ч нарийн мэргэжлийн, эсхүл өндөр ачаалалтай ажил, үйлчилгээг хиймэл оюун, бүрэн тооцоололд үндэслэн зайнаас болон биечлэн, алдаа мадаггүй гүйцэтгэх боломжтой болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, загвар тус бүрийн талаар танилцууллаа.
Түүнчлэн хиймэл оюунд суурилсан, хэрэглэгчийн хүссэн дүр төрхтэй робот бүтээж байгаагаа танилцуулаад Альберт Эйнштейний төрхтэй роботыг сонирхуулав.
Тус парк дотоодын зах зээлд худалдаалах бүтээгдэхүүнүүдээ хятад хэлээр ашиглах горимтойгоор худалдаалдаг бол экспортын бүтээгдэхүүнүүддээ хятад болон англи хэлний горимоор ашиглах боломжтойгоор үйлдвэрлэдэг байна.
Бээжингийн шинэ төрлийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг хөгжүүлэх жишиг бүс болох уг парк нь судалгаа, үйлдвэрлэл, үзүүлэн зэрэг олон чиглэлийг нэгтгээд “төв технологи+гол бүтээгдэхүүн+хэрэглээний орчин” гэсэн загвар дээр салбарын экосистемийг бүрдүүлэн, дэлхий дахинаа роботын технологийг хэрэглээнд нэвтрүүлэх жишиг болох зорилт дэвшүүлжээ.
Хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг нэгтгэсэн роботууд хятадуудын өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон энэ цаг үед манай улс ч хиймэл оюун ухаан, инновац, мэдлэгийн шийдлүүдийг төр, хувийн хэвшил, бүх шатанд нэвтрүүлэх шаардлагатай талаар Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэмдэглэж байв.
Тус паркийн Бээжингийн анхны роботын үзүүлэнгийн төвд дэлхийн анхны биежсэн ухаалаг роботын 4S дэлгүүр болох “Роботын ертөнц”, Хятадын анхны роботын сэдэвтэй орчин үеийн ресторан болох “Роботын гал зуух”, Үндэсний роботын шалгалт, үнэлгээний төв, роботын үйлдвэрлэлийн инкубатор, роботын хоёрдогч хөгжүүлэгчдийн нийгэмлэг зэрэг нийслэл болон улсын хэмжээний аж үйлдвэрийн инновацын платформууд нэгдсэн байна. Ингэснээр Бээжингийн аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих гол төв болжээ.
Улмаар парк нь Бээжингийн роботын үйлдвэрлэлийн хүчийг олон улсад танилцуулах чухал цонх болж, биежсэн ухаалаг технологийн судалгаа, хөгжүүлэлтээс хэрэглээнд нэвтрүүлэх бүх процессыг үзүүлж, олон улсын хамтын ажиллагаа, технологи солилцоог дэмжих үр дүнтэй индэр болсон байна.
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчлалын бүрэлдэхүүнд намын Удирдах зөвлөлийн гишүүд багтан ажиллаж байна.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм









