Дэлхийн усны өдөр тохиосон Ням гарагт Туул голын төлөөх ширүүн тулаан эхэллээ. Хурдны замын талынхан Улаанбаатарыг баруунаас зүүнш нэвт туулах, түгжрэлийг 30 хувь бууруулах ажил нэгэнт эхэлсэн хойно нь гэнэт сэрээж, гэзэг ороолоо, гацаалаа, таглалаа гэж байна. Хатан Туул талынхан нь Save Tuul хөдөлгөөн өрнүүлж, өгөөжгүй ашиггүй, 2,3 их наядын өрөнд оруулна, өтөнд бариулна, нэг км нь 70 тэрбумын үнэ өртөгтэй, түгжрэл ч буурсан юмгүй, уух усгүй болно гэж мэтгэж байна.
Хурдны замын талынхан УИХ 2025 оны 7-р сарын 09-нд голын ай савд 75 метр биш 50 метрт нийтийн зориулалттай дэд бүтэц, байгууламж барьж болно гэж хуулиа баталсан, Туул бохирдохгүй гэж хариуцлагатайгаар мэдэгдье гэж байна. Хатан Туул талынхан төсөлд шалгарсан гээд байгаа ХаоЮань чинь гүүр барьж үзээгүй, Хонконгт бүртгэлтэй арьсан цүнхний компани гэж байна. Дунд гол духлаа болсон, Сэлбэ гол дэлбэ болсон, Туул голыг тал болгох нь уу, 300 багана ай сав зоож, масло тос, тоос шороо, дуу чимээний бохирдолд нэрвэгдэнэ гэж байна. Хурдны замын талынхан байгаль орчны төлөв байдлын байдлын үнэлгээ хийлгэсэн гэж баримт бичгээ харуулж байна. Усны зөвлөх инженер Г.Мөнх-Эрдэм, ой судлаач Д.Мөнхзориг нар нэр, гарын үсэг хуурамчаар ашигласан байна, ийм юманд оролцоогүй гэж мэдэгдээд байна. Усны газрын дарга Батбаяр манайх нарийвчилсан үнэлгээ хийгээгүй, хотоос өгсөн зургаа өөрсдөө хуучин ахиад шинийг өгье гээд ирүүлээгүй гэх мэт эх захгүй зөрчил тэмцэл өрнөж байна.
Т.УНДРАХБАЯР







Нийгэм




