Dark Light
Нийгэм | 2026-03-24

СЭЛЭНГЭ, ДОРНОД, ХОВД АЙМАГТ ОЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр буюу 03 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Дорнод аймгийн Баяндун сум, Ховд аймгийн Дөргөн сумын нутаг ойн түймэр гарчээ. Тодруулбал: 

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай баг "Шоргоолж" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд 190 км, салбарын байрлалаас зүүн урд зүгт 30 км/ Ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 03 дугаар сарын 23-ны өдрийн 13:20 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгаас Мэргэжлийн ангийнхан очиход, сумын мод бэлтгэлийн нийт 18 хүн, 3 автомашинтай, 2 трактортай унтраах ажиллагааг зохион байгуулж, 22:26 цагт цурамд оруулж, цэвэрлэгээ хийж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 6 га орчим газар шатжээ.

Мөн Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн 1 дүгээр баг "Баянгол" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 240 км, сумын төвөөс хойд зүгт 32 км/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлага, мэдээллийг 03 дугаар сарын 23-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын Мэргэжлийн ангийнхан, Түргэн багийнхан ажиллаж, мөн өдрийн 16:20 цагт түймрийг бүрэн унтраасан. 

Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн "Дэнж" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км, сумын төвөөс урд зүгт 20 км, Чандмань сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км/ "Дөргөн" нуурын аралд хулс /зэгс/ шатаж байна гэсэн дуудлагыг 03 дугаар сарын 23-ны өдрийн 17:30 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчид,  Дөргөн, Чандмань сумын Мэргэжлийн ангийнхан, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэдээс 39 хүн, 7 автомашинтай нийт 95 хүн, 15 автомашинтай ажиллаж байна. 


Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22