“Чингис хааны үр сад: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотын Кремлийн музейд 2026 оны 03 дугаар сарын 19-нд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн нь Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины зарласан “Ард түмний эв нэгдлийн жил”-ийн хүрээнд, мөн Москвагийн Кремлийн музейн 220 жилийн ойд зориулагдан гарч байгаагаараа онцлог бөгөөд тус улсад гарч байгаа Их Монгол Улсыг үндэслэгч Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн анхны албан ёсны үзэсгэлэн болж байгаарай онцлог юм.
Үзэсгэлэнд Москвагийн Кремлийн музей, Улсын Эрмитаж, Улсын түүхийн музей, Ш.Маржанигийн соёлын сан, Санкт-Петербург дэх Үндэсний Номын сан зэрэг Оросын түүх, соёлын 10 гаруй байгууллагад хадгалагдаж буй Монголын эзэнт гүрэн, Алтан Орд улсын түүхэнд холбогдох шилмэл үзмэрүүд тавигджээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун оролцож үг хэллээ. Тэрбээр: Чингис хаан болон түүний угсааны эзэнт гүрэн Евроазийн уудам тал нутагт улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, цэргийн урлагийн их солилцоог бий болгож, өнөөгийн ертөнцийг үндэслэгч гэдгийг дэлхийн олон түүхч, эрдэмтэд хүлээн зөвшөөрч байна. Тэд өрнө, дорнын орнуудад эрхшээлээ тогтоохдоо зөвхөн байлдан дагуулагч байсангүй, тухайн улс орны ард түмний шашин шүтлэг, уламжлалт ахуй соёл, үнэт зүйлийг хүндэтгэж байсныг түүхэн дурсгал, сурвалжууд гэрчилдэг. Оросын Соёлын яамны дэмжлэгтэйгээр гарч буй энэхүү үзэсгэлэн нь Оросын ард түмний түүх төдийгүй Монголчуудын түүхийн судалгаанд нэн чухал бөгөөд Монголын эзэнт гүрэн, Алтан Ордын өв уламжлал, Орос-Татар улсуудын харилцаа, соёлын нөлөөллийг цоо шинээр тодруулах боломж олгохын зэрэгцээ түүхийн судалгаанд цоо шинэ боломж нээж байгааг цохон тэмдэглэсэн байна.
Т.УНДРАХБАЯР







)
Нийгэм





