Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт оруулсан. Тодруулбал, Үндэсний хурдан морины уралдаанд уралдах шүдлэн насны морийг 132 см гэснийг 133 см, даага насыг 127 см гэснийг 128 см гэж тус тус өөрчлөх саналыг хуралдаанд оролцогчдын 76.5 хувь дэмжжээ.
Энэ асуудлаар Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос Үндэсний их баяр наадмын хууль зөрчсөн дүрмийн өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунболд, уяачдын холбооны тэргүүн Ц.Дуламсүрэн нар дараах мэдээллийг өгсөн юм.
“2022 онд УИХ “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ хуулийн 11 дүгээр заалтад Үндэсний их баяр наадмыг монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн мориор, зургаан насны ангиллаар зохион байгуулна гэж зааж өгсөн.
2022 оноос хойш Засгийн газраас баталсан бол түр дүрмээр ба Үндэсний Их баяр наадмын морьдыг зөвхөн сэрвээнийх нь өндрөөр уралдуулж ирсэн. 2025 оны 9 дүгээр сард стандарт хэмжил зүйн газраас албан ёсоор Монгол үүлдрийн адууны стандартыг эцэслэн баталсан.
“Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 10.11-10.16 дахь заалтад морийг “Малын генетик нөөцийн тухай хууль”-д заасны дагуу Улсын нэгдсэн Мэдээллийн санд бүртгэсэн. Энэ жилээс түр дүрэм журмын хэрэгжих цаг хугацаа дуусаж, Монгол үүлдрийн стандарт батлагдсан учраас парламентаас баталсан хуулийг баяр наадам зохион байгуулах хороо хэрэгжүүлэх ёстой.
Монгол төрийн наадамд монгол морь уралдах ёстой. Үндсэн хуулийн заалтыг биелүүлэх ёстой. 2022 онд хууль батлагдаад өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй. Зөвхөн сэрвээнийх нь өндрөөр уралдуулалгүй албан ёсоор эцэслэн баталсан Монгол үүлдрийн адууны стандартаа хэрэгжүүл. Эрлийз адуу улсын наадамд түрүүлдэг болчхоод байна. Монгол адуу гений хувьд устах аюултай болчхоод байгаа юм. Судалгаагаар үзэхэд нийт адууны 20 гаруй хувь нь эрлийз. Энэ маягаар мөдхөн монгол адуу байхгүй болох аюултай байна” гэв.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм





