УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Г.Лувсанжамц “АН зүгээс УИХ-ын дарга Н.Учралд намын даргаа өг эсвэл УИХ-ын даргаа өг гэсэн шаардлага тавьж байгаа. Чуулганы нэгдсэн хуралдааныг аль нэг намын дарга удирдаж болохгүй гэсэн байр суурь илэрхийлж байсан. Гэвч энэ асуудлыг би өөр шалтгаантай гэж бодож байна. АН дотоод сонгуулиа хийгээд бүгд завгүй байгаа. Ямар нэг шалтгаан хэлэх шаардлагатай болсон байх.
Өнгөрсөн 11 дүгээр сард болсон МАН-ын 31 дүгээр их хурал дээр намын дүрэмд намын дарга ерөнхий сайд байна гэсэн зүйл заалтыг тусгах санал гаргаад дэмжигдээгүй.
АН чуулганы хуралдаандаа суухгүй байгаа нь эс үйлдэхүй буюу залхуурал гэж бодож байна. Хэрэв үнэхээр шаардлага тавьж байгаа бол УИХ-ын тухай хуулийн зүйл заалтыг нь өөрчлөөд хуулиа өргөн барих ёстой.
УИХ-ын гишүүн татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг учраас ажилдаа ирэх ёстой.
Ёс зүйг хэмжих нь цаг хугацаанаас, нийгмээс, хүн, намаас хамаараад өөр байдаг. Ёс зүйг хэмжээд эхлэх юм бол коммунизм эргэж ирнэ. Эгүүлэн татах хуулиас авч болох нэг агуулга нь гэмт хэрэгт холбогдох юм бол гэсэн заалт бий. Их хурлын гишүүн, сайд гэх нэрээр ямар нэгэн хэрэг төвөг, эрүүгийн, авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож байгаа бол үүнийгээ зохих журмын дагуу шалгуулах ёстой. Б.Энхбаяр сайдын хувьд бусад гишүүд, сайд нарт тавьж байсан зарчмын шаардлагаа өөр дээрээ ч гэсэн тавиасай” гэв.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм





