Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Дэ Нэйче Консерванси (The Nature Conservancy) байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Галбадрах нар тогтвортой, ногоон санхүүжилтийг орон нутагт хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичгийг өнөөдөр байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд орон нутгийн санхүүгийн байгууллагуудаар дамжуулж байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, эдийн засгийн үр ашигтай санхүүгийн үйл ажиллагааг дэмжих чиглэлд хамтарч ажиллана. Тодруулбал, хоёр тал орон нутгийн хадгаламж, зээлийн хоршоодод ногоон санхүүгийн бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд бодлогын болон арга зүйн дэмжлэг үзүүлэх, санхүүгийн байгууллагуудын гүйцэтгэл, эрсдэлийн мэдээлэлд тулгуурлан хамтарсан зөвлөмж, арга хэмжээ хэрэгжүүлэх, ногоон хөгжлийн бодлоготой уялдсан судалгаа, мониторинг хийх юм. Мөн иргэдийн санхүүгийн боловсрол, хуримтлалын соёлыг нэмэгдүүлэх, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн зорилтыг уялдуулсан тогтвортой хөгжлийн санхүүжилтийг орон нутагт хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах юм.
Дэ Нэйче Консерванси байгууллага нь Монгол Улсад 2008 оноос хойш байгаль хамгаалах чиглэлийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд одоо “Нутгийн иргэдийн манлайлсан байгаль хамгаалал” төслийн хүрээнд байгалийн нөөцийн хамтын менежментийг бэхжүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох чиглэлд ажиллаж байна. Харин 2023 оноос эхлэн зорилтот сумдад “Байгалийн нөөцийн хамтын менежментүүдэд хуримтлалын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж санхүүгийн боловсролыг нэмэгдүүлснээр иргэдийн хуримтлалыг нэмэгдүүлэх, улмаар орон нутгийн хадгаламж, зээлийн хоршоодыг хөгжүүлэх, ногоон бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

АДМИН








Нийгэм





