Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Мөнх-Эрдэнэ “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Шүгэл үлээгчийг хамгаалах хууль”-ийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Энэ нь нийгэмд чухал ач холбогдолтой, нийтийн ашиг сонирхолтой холбоотой авлига, албан тушаал, төсөв, татвартай холбоотой хэргүүдийн талаар “шүгэл үлээсэн” иргэн, хуулийн этгээдийг төрийн хамгаалалтад авах, дэмжиж урамшуулах зохицуулалтыг хийх хуулийн төсөл юм.
Засгийн Газар үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Гэмт хэрэгтэй тэмцэнэ гэдэг бол нэг талаас хууль бус үйлдэл, эс үйлдэл илрүүлэхээс гадна, гэмт хэргийн баримт мэдээллийг хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн иргэн, хуулийн этгээдүүдийг төр эрх, ашгийг нь хамгаалж чадсанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэн дүүрэн боломж бүрдэнэ.
Олон улсын байгууллагуудын жишгээс үзэхэд шүгэл үлээгчийг хамгаалдаг эрх зүйн зохицуулалт, хууль батлагдан хэрэгжиж байна. Бид дутах ёсгүй. Монголын нийгэмд хамгийн том аюул занал бол авлига, албан тушаалын гэмт хэрэг. Иймээс Хууль зүй, Дотоод хэргийн яам санаачлан боловсруулж Засгийн газар дэмжиж энэ хуулийг өргөн мэдүүлэх шийдвэр гаргалаа.
Хуулийн төслөөр шүгэл үлээгчийг 1 саяас 5 тэрбум төгрөгөөр урамшуулах эрх зүйн зохицуулалт бүрдэнэ. Энэ хуулийг яаралтай УИХ-д өргөн мэдүүлж батлуулахаар ажиллах болно. Хуулийн төслийн хувьд 7 бүлэг 26 зүйлтэй. Дагалдаад эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, зөрчлийн тухай хууль гэх мэт дөрвөн хуульд өөрчлөлт орж байна.
Авлига, албан тушаалын хэрэгт өөрөө холбогдсон, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа этгээдүүд хэрэг нь боогдоод, шалгагдаад, гарах гарцгүй болоод ирэх үедээ өөрийн холбогдсон хэргийг өөр тийш анхаарал сарниулах, гэмт хэрэгтэй тэмцэж байгаа ЗГ, тэр дундаа ХЗДХЯ, хууль хяналтын байгууллага удирдаж байгаа хүмүүсийг харлуулах, нийгмийн сэтгэл зүйг төөрүүлэх, үймүүлэх увайгүй үйлдлүүд гаргаж байгаа. Энэ бол шүгэл үлээгч биш. Амиа аврах гэж байгаа гэмт хэрэгтнүүдийн арчаагүй оролдлого.
УИХ-д ажлын хэсэг гаргаж илт худал мэдээлэл тараахтай холбоотой гэмт хэргийг хуульчлахаар ажиллаж байгаа. Ерөнхий сайдаар 5 жил ажилласан Л.Оюун-Эрдэнэ-ийн ярьсан зүйлс баримтгүй, худал мэдээлэл” гэв.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм





