ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Ж.Энхбаяр “Инфляцад гол нөлөөлдөг зүйл бол хүнс байдаг. Нефт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хуралдаж ойлголцолд хүрсэн. 10 мянган тонн дизель түлшийг одоо байгаа үнээр буюу хямд үнээр өгч хаврын тариалалтыг явуулна. Үүний зорилго нь намар ургацыг үнэтэй байлгахгүй гэсэн үг. Улаан буудай, гурил, төмс, ногоог хямдхан байлгах, дотоод хангамжийг нэмэгдүүлэхийн тулд бид инфляцад нөлөөлөх хэмжээнд байлгахгүйгээр бодож тохиролцсон.
АИ92 бол 3 сарын хугацаатай тогтворжуулаад явж байгаа. Үнэ 30 хувиас дээш гурван сарын хугацаанд тогтвортой өсөх юм бол үнэ өөрчлөгддөг. Тэгэхээр 6 дугаар сарын сүүлээр шинэ үнийн асуудал яригдана. Хугацаа байна.
Дизель, АИ95, TC-1 буюу нисэх онгоцны түлш зэрэгт бол ийм зохицуулалт байхгүй болохоор зах зээлийн ханш буюу Сингапурын хөрөнгийн биржийн ханшаа бариад явна гэсэн үг. Иргэдийн гол хэрэглэдэг АИ92 тогтвортой байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотой эрчим хүчний нүүрсний эрэлт нэмэгдэх төлөвтэй байна. Гол экспортын нэр төрлийн бараан дээр үнэ тогтвортой зарим нь өсөлттэй байна. Хямралт байдал Монгол улсад зарим талаар ашигтай тусаж байгаа үйл явдлууд байгаа. Жишээлбэл, аялал жуулчлалын салбарт идэвхжил анзаарагдаж байна. Ойрх дорнодод гучин сая жуулчин хүлээж авдаг, аялал жуулчлалын гол бүс. Тэнд чиглэж байсан аялал жуулчдын урсгал үндсэндээ зогсож байна. Үүнийг дагаад бусад бүс нутагт аялал идэвхжих боломжтой. Дэлхий ертөнцөд том гамшигт, хямралт байдал үүсэж байна. Үүнд бид бас бэлтгэлтэй байх ёстой” гэв.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм





