Dark Light
Нийгэм | 2026-03-25

2025 ОНД 4,794 ИРГЭНД 529.03 ГА ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр (2026.03.25)-ийн хуралдаанаар “Газрын нэгдмэл сангийн 2025 оны улсын нэгдсэн тайлан”-г хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тус тайланд газрын нэгдмэл сангийн үндсэн болон дэлгэрэнгүй ангиллын шилжилт, хөдөлгөөн, улсын тусгай хэрэгцээнд авсан газар, газрын улсын бүртгэл, иргэдэд өмчлүүлсэн газар, газрын төлбөрийн ногдуулалт, төлөлт, газрын доройтол, хамгаалал, нөхөн сэргээлтийн талаарх мэдээллийг тусган илтгэлээ.
Тайлант онд Засгийн газрын шийдвэрээр нийслэл болон 3 аймгийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, технологийн паркийн зориулалтаар нийт 2,956 га газрыг, нисэх онгоцны буудлын зориулалтаар 221.7 га газрыг, “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд ажиллах ус хуримтлуурт усан цахилгаан станц” барих зориулалтаар нийт 645.5 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, 9 аймгийн нутаг дэвсгэрт байгалийн нөөц болон дурсгалт газрын зориулалтаар 19 байршилд 1,510,396 га газрыг мөн улсын тусгай хэрэгцээнд авсан байна. Ингэснээр улсын тусгай хэрэгцээний газар улсын хэмжээнд 1,520,219 га талбайгаар нэмэгдсэн байна.
Мөн 6 аймгийн нийт 16 суманд 71,235.02 га талбай бүхий газрыг тариалангийн газарт тус тус шилжүүлсэн. Түүнчлэн, Дундговь, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 38,065.2 га болон 144,014.0 га талбайг хот, тосгон, бусад суурины эдэлбэр газраар тогтоож шийдвэрлэсэн байна.
Улсын хэмжээнд 2025 онд нийт 16,116 нэгж талбарын 93,566.7 га талбай бүхий газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад олгож Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэн баталгаажуулсан байна.
Түүнчлэн улсын хэмжээнд 2025 онд нийт 4,794 иргэнд 529.03 га газрыг өмчлүүлсэн байна.
Мөн 657 нэгж талбар буюу 3.8 мян.га талбайтай газрыг дуудлага худалдаагаар, 180 нэгж талбар буюу 0.8 мян.га талбайтай газрыг төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгож, газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаанаас нийт 37.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд энэ нь 2024 оны дүнтэй харьцуулахад 11.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Дээрх Газрын нэгдмэл сангийн ангилал, газар ашиглалтын төрөлд гарсан өөрчлөлт, шилжилтийн хувьд авч үзвэл хөдөө аж ахуйн газар 134,108.8 мян.га буюу 85.7 хувь, хот, тосгон бусад суурины газар 1,209.9 мян.га буюу 0.8 хувь, зам, шугам сүлжээний газар 863.9 мян.га буюу 0.6 хувь, ойн сан бүхий газар 18,206.4 мян.га буюу 11.6 хувь, усны сан бүхий газар 2,022.5 мян.га буюу 1.3 хувийг тус тус эзэлж байна.
Засгийн газрын хуралдаанд Газрын нэгдмэл сангийн 2025 оны улсын нэгдсэн тайланг танилцуулсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээг авч ажиллахыг холбогдох сайд, агентлагын дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Үүнд:
Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасны дагуу хот, тосгон, бусад суурины газрын эдэлбэр газрын хэмжээ, байршил, заагийг тогтоох саналыг боловсруулж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлэх;
Бэлчээрийн газар ашиглалт, түүний даацыг тохируулах, өнжөөн сэлгэх, хүчтэй элэгдэл, эвдрэлд өртсөн газрыг нөхөн сэргээх, хот суурин газрын хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээг жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусгаж, хэрэгжүүлэх;
​​Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасны дагуу тогтоосон хугацаанд харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын нэгдмэл сангийн тооллого явуулж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлэх болон газрын нэгдмэл сангийн цахим системд бүртгүүлэх;
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 121 тогтоолоор баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын хэрэгжилтийг хангуулж, газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэгдээгүй өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн газрын мэдээллийг бүртгэж, баталгаажуулах арга;
Газрын нэгдмэл сангийн үндсэн болон дэлгэрэнгүй ангилалд хамаарах газрын мэдээллийг нэгдсэн бүртгэлд оруулах, салбар хоорондын дундын мэдээллийн санг байгуулах, харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, ажиллахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт тус тус даалгалаа.
Тус тайлангаас улс, орон нутгийн томоохон бүтээн байгуулалт, судалгаа, шинжилгээ хийхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг авах боломжтой бөгөөд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас дээрх тайланг цаасан болон цахим хэлбэрээр олон нийтэд хүргэх болно.

Эх сурвалж | Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22