Dark Light
Нийгэм | 2026-03-25

БНХАУ-Д СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТАН ЗАЛУУСТАЙ УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд тус улсад суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Улс орныхоо хөгжлийн ирээдүйг түүчээлэх оюутан залуустаа цаг гарган, төрийн бодлого, шийдвэрийн талаар танилцуулж, санал бодлыг нь сонсохоор уулзаж буйд Бээжин дэх Монголын оюутны холбооны дарга О.Хүсэлбаатар уулзалтад оролцож буй оюутнуудаа төлөөлөн Улсын Их Хурлын дарга Н.Учралд талархал илэрхийлсэн.

УИХ-ын дарга Н.Учрал төрийн үйлчилгээний цахимжилтын талаар, И-Монголиа-д оюутнуудын хэрэгцээт төрийн үйлчилгээг нэгтгэсэн “Оюутан” цэсний талаар мэдээлэл өгөв. Улмаар уг цэсэд гадаадад суралцаж буй оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн үйлчилгээг хялбарчлах, боловсрол, карьер, дадлага, төрийн дэмжлэгийн талаарх мэдээллийг нэгтгэсэн “E-Student 2.0” хөгжүүлэлт хийж байгааг танилцууллаа.

Түүнчлэн Улсын Их Хурлаас захиалан гүйцэтгүүлсэн бүх судалгааг parliament.mn сайтад нээлттэй байршуулсан, мөн sudalgaa.gov.mn цахим санд давхар байршуулсан болохыг дурдаад энэ нь гадаад улс орнуудад суралцаж буй оюутнууд мэдээллийн чухал эх сурвалж болно хэмээн найдаж байна гэв. 

Мөн уулзалтын үеэр оюутан залуус Улсын Их Хурлын дарга Н.Учралаас асуулт асууж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэв. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаарх асуултад товч мэдээлэл өгч хариулаад "Эх орныхоо экспортолж буй бүтээгдэхүүн бүрд нэмүү өртөг шингээх, инновацлаг, үйлдвэрлэгч орон болох бодлыг тээж, суралцаж буй онолын мэдлэгээ ашиглан, эх орныхоо нөхцөлд дүн шинжилгээ хийж, шийдлийг гаргах чадвараа хөгжүүлээрэй” гэдгийг онцлон захиж байв. Оюутнууд “E-Student 2.0” хөгжүүлэлтийг хийж байгаад талархалтай хандаж буйгаа илэрхийлж, үүнтэй холбогдуулан тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар саналаа хэлсэн. Мөн дотоодын олон төрлийн судалгааг нээлттэй болгосон нь чухал ач холбогдолтой хэмээгээд тогтмол баяжуулж байхыг хүссэн юм. 

Уулзалтад оролцсон оюутнууд хэрэгцээ шаардлагад нь нийцсэн төрийн үйлчилгээний шийдлийг санаачлан, хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын дарга Н.Учралд талархал илэрхийлэв.

БНХАУ-д өдгөө 6300 монгол оюутан байгаагийн 40 хувь нь бакалавр, 20 хувь нь магистрийн түвшинд суралцаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22