Гэр бүлийн хөгжлийн тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлэг болж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т. Аубакир: “Жилээс жилд төрөлт буурч байна. Арван жилийн өмнө 80 мянган хүүхэд төрдөг байсан бол 2025 онд 50 мянган хүүхэд төрлөө. Энэ бол огцом бууралт. Засгийн газраас гэр бүлийн хөгжил, хүн ам зүйн бодлогыг зайлшгүй цогцоор нь авч үзэх цаг үе тулгарч байгаа юм.
Салалт жилээс жилд нэмэгдэж байна. Залуучууд гэр бүл болохыг эрмэлзэхээ больж, бага хүүхэдтэй байхыг боддог болсон байна.
Бид хүн ам зүйн бодлогын хүрээнд “Олон хүүхдийн бодлого”-ыг дэмжихийг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулиараа дамжуулж “хөшүүргүүд”-ийг үзүүлж байгаа. Тухайлбал, 4 болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд оочир дугааргүй хамруулах, байраа томруулах зорилгоор хуучин байраа борлуулсан бол ногдох ёстой татварыг чөлөөлөх, буцаан олгох, 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн эх, эцгийн аль нэг нь хөдөлмөр эрхэлж байвал ХХОАТ-аас чөлөөлөх.
Энэ хуулиар тухайн эцэг, эхийг гэр бүл, хүүхдүүдтэйгээ илүү цаг зарцуулах боломжийг бүрдүүлж байгаа. Ажил олгогч нь өдөрт 1-2 цагийг хүүхэдтэйгээ байх боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Одоогоор олон нийтийн хэлэлцүүлэг явж байна. Засгийн газарт дэмжигдвэл УИХ-д өргөн мэдүүлж, хаврын чуулганаар хэлэлцэж батлуулах зорилготой байгаа.
Судалгаагаар эдийн засаг сайжрах тусам бага хүүхэд төрдөг. ГХНХЯ-аас 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. 5 мянган өрхийг амьжиргааны түвшнээс дээгүүр орлоготой болгох зорилго тавин ажиллаж байгаа” гэв.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм





