Dark Light
Нийгэм | 2026-03-26

Н.УЧРАЛ: БИДЭНД СУУДАЛ БИШ ШИЙДЭЛ ХЭРЭГТЭЙ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

УИХ-ын дарга Н.Учрал Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсныг мэдэгдлээ.

Н.Учрал "УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц 45,2 хувьтай буюу 126 гишүүнээс 57 гишүүн хүрэлцэн ирсэн байна. Цаг 12 цаг 50 минут болж байна. 10 цагаас хойш Их хурлын гишүүдийг чуулганы нэгдсэн хуралдаандаа оролцохыг хүлээлээ.

Дэлхийн цаг төрийн байдал хурцдаж, дайн мөргөлдөөн дэгдэж, олон улс орон, энергийн эх үүсвэр түлш шатахууны хомсдолд орж, хэмнэлтийн горимд шилжээд байна. Монгол улсад хаврын тариалалтын өмнө, бүх юмны өмнө олдог түлш шатахууны үнэ өслөө. Эдийн Засгийн байдал нэн эгзэгтэй байна. Дэлхийн улс орнууд яг энэ цаг үед үндэснийхээ тэсвэрлэх чадвараа бэхжүүлэх бодлогоо боловсруулж, хямралын үеийн менежментийн төлөвлөгөө боловсруулж ажиллаж байна. Гадаадын банк оруулж ирж зээлийн хүү буулгах, иргэддээ итгэж, найман нэрийн дэлгүүр дугуй засвараас эхлээд бизнес эрхлэгчдийг хүнд суртлаас шат шатанд нь чөлөөлөх, зөвшөөрлийн дарамтыг буулгах, татварын ачаа дарамтыг 2,7 их наядаар хөнгөлөх, авлигачдын хөрөнгийг хураах гэх мэт хууль шийдлүүд хүлээгдэж байна.

Харамсалтай нь УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэлснээс хойш 10 өдөрт УИХ нэг ч шийдвэр гаргаж, нэг ч хууль хэлэлцсэнгүй. Хурал хаях, ажил хаях, бойкот хийх, улс төр хийх сөрөг хүчний эрхийг хүндэтгэж байна. Улс төр биш ажил хий, асуудал шийд гэж амьдрал, ард түмэн шаардаж байна.

Дөрөвхөн сарын өмнө сонгож дэмжсэн атлаа нэг намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэдэг хууль бус шаардлагыг тавьж байна. Ирцээ бүрдүүлж хууль хэлэлцэж баталсан бол хууль ёсны үйл явц болох байлаа. Хууль тогтоох байгууллага өөрөө хууль дээдлэх зарчмыг ягштал баримтлан ажиллах ёстой. Парламентын гацаа биш амьдралын гацаа болсон байна.

Төр УИХ-ын тасралтгүй тогтвортой үйл ажиллагааг тасалдуулж байгаа тул УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаа зохион байгуулж, улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай байна. Бүлгийн дарга Ж.Батжаргал бүлгийн хурлыг хийж, улс төрийн шийдвэрээ гарга. Бидэнд сандал суудал биш, шийдэл хэрэгтэй.

Монгол Ардын Намын төр Ардчилсан Намын төр гэж байхгүй. МАН-ын Монгол Улс АН-ын Монгол Улс гэж байхгүй. Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй. Албан тушаал үнэтэй биш, ачаагаа үүрч чадах хариуцлага илүү үнэ цэнтэйг бид мартах учиргүй. Бидэнд гацаа биш, гарц шийдэл хэрэгтэй.

С.Зоригийн хэлсэнчлэн нэн тэргүүнд улс орон ард түмэн, удаад нь улс төрийн нам, адаг сүүлд нь хувийн сонирхлоо тавих эрх ашгийн эрэмбэ дарааг УИХ-ын гишүүд, төр түмний төлөөлөл болж ажиллаж байгаа та бүхэн нь хэзээ ч мартах учиргүй. Төр түвшин түмэн олон амгалан байх болтугай" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22