“Энэрэл” мэргэжлийн боловсролын сургуулиас санаачлан оюуны болон сэтгэцийн хөгжлийн ялгаатай залуусыг бодит ажлын орчинд дадлагажуулж, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Enerel Training Café” өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
“Энэрэл” сургалтын кафе нь залуусыг бодит үйлчилгээний орчинд дадлагажуулж, үйлчилгээний ур чадварт сургах бөгөөд 6-12 сарын хугацаанд цалинтай ажлын дадлага хийх боломжийг олгох юм. Тус сургалтын кафегаар дамжуулан жилд 15-20 оюуны болон сэтгэцийн хөгжлийн ялгаатай залуус ажлын байрны дадлагад хамрагдана.
Иймээс энэхүү кафе нь зөвхөн үйлчилгээний газар биш, харин залуусыг бодит ажлын орчинд дадлагажуулж, бие даан ажиллах чадварт бэлтгэх “ажлын байранд дадлагажуулах” үйл явц юм.
Хөгжлийн бэрхшээлтэй залуусыг халамж, тусламжаар хязгаарлах бус, бие даан амьдрах чадварыг нь дэмжиж, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх нь тэдний амьдралын чанарыг бодитоор сайжруулах чухал шийдэл юм.
Тус кафе нь олон нийтэд нээлттэй ажиллах бөгөөд иргэд үйлчлүүлснээр суралцагчдын ажлын дадлага, хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжих боломжтой.
Нээлтийн арга хэмжээнд Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, “Энэрэл” мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын менежер А.Уянга, Жайка олон улсын байгууллагын ахлах зөвлөх Чиба Хисао, Хүний эрхийн активист, сургагч багш Б.Болороо нар оролцлоо.

АДМИН








Нийгэм





