Женевт төвтэй Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ) Сайд нарын 14 дүгээр бага хурал энэ сарын 25-29-ний өдрүүдэд Камерун Улсын Яаунде хотноо хуралдаж байна.
Тус бага хурлын хүрээнд Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй 32 улсын (ДГХБО) Сайд нарын хурлыг 3 дугаар сарын 25-ны өдөр даргалан зохион байгууллаа.
ДГХБО-уудын Женев дэх бүлгийн зохицуулагчаар ажиллаж буй Монгол Улсыг төлөөлж, НҮБ-ын Женев дэх төв, ДХБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа хурлыг нээж хэлсэн үгэндээ, далайд гарцгүй хөгжиж буй орнуудад нийтлэг тулгамдаж буй худалдааны саад бэрхшээлийг даван туулах, олон улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, цахим шилжилт, интеграцид нэгдэх боломжийг бүрдүүлэх, ДГХБО-уудын Үйл ажиллагааны Авазагийн хөтөлбөр (2024-2034)-ийг хэрэгжүүлэхэд Дэлхийн худалдааны байгууллага, олон улсын бусад байгууллагууд, тус бүлгийн гишүүн орнуудын идэвхтэй хамтын ажиллагаа нэн чухал болохыг тэмдэглэв.
Сайд нарын хуралд Дэлхийн худалдааны байгууллагын дэд захирал Жанг Шиангчен, НҮБ-ын Худалдаа хөгжлийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч П.М.Морено, Олон улсын худалдааны төвийн Бүс нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газрын дарга Э.Оливериа Гомез, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн газрын эдийн засгийн зөвлөх Жэми Маклеод, ДГХБО-уудын Олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн нар уригдан оролцож, үг хэллээ.
Далайд гарцгүй хөгжиж буй 32 улсын 25 улсын төлөөлөл ДХБ-ын Сайд нарын 14 дүгээр бага хуралд оролцож байна. Эдгээр улсын худалдааны сайд, дэд сайд, Байнгын төлөөлөгч тэргүүтэй төлөөлөгчид ДГХБО-уудын эрх ашгийг хамгаалах, ДХБ-ын хүрээнд нэгдмэл дуу хоолой хүргэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, ДХБ-аас холбогдох чиглэлээр судалгаа хийж дэмжлэг үзүүлэх зэрэг цаашдын хамтын ажиллагааны талаар үг хэлж байр сууриа илэрхийлэв.
Эл хурлаас ДГХБО-уудын Сайд нарын хамтарсан тунхаглалыг баталж, Дэлхийн худалдааны байгууллагын сайд нарын 14 дүгээр бага хурлын төгсгөлийн баримт бичигт тусгуулахаар Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлэв.
АДМИН







Нийгэм





