Г.С нь Өвөрхангай аймгийн Уянга сумаас 2025 оны 1 дүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Хилийн цэргийн 0131 дүгээр ангид алба хааж байсан. Тэрээр 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн орчимд албаны мотоциклтой 6-8 км-ын цаадах мал эргүүлэхээр яваад сураггүй болсон байна.
Байлдагч Г.С-ыг хайх эрлийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Баян-Овоо, Номгон сумын Засаг даргын Тамгын газар, Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагчид 17 бүлгийн 80 гаруй хүн оролцож байгаа юм.
Мөн Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг, ар гэрийнх нь төлөөлөл эрлийн үйл ажиллагаанд оролцож байна.
Өнөөдрөөс Хил хамгаалах ерөнхий газраас нисдэг тэргээр хүч нэмэгдүүлэн эрлийг үргэлжлүүлж байна.
Аймгийн удирдлагууд Хилийн цэргийн 0131 дүгээр ангитай цаг тутамд холбогдож, хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр өглөө аймгийн Цэргийн штабын даргаар ахлуулсан ажлын хэсэг эрлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хүч нэмэгдүүлэхээр тус хилийн цэргийн анги руу хөдөлллөө.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм





