Dark Light
Нийгэм | 2026-03-29

"ЗАСГИЙН ГАЗРАА ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХ НЬ ЕРӨНХИЙ САЙДАД ОЛГОГДСОН БҮРЭН ЭРХ"

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

МАН-ын Бага хурлын III хуралдаан дууслаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар танилцууллаа.

Я.Содбаатар “МАН-ын Бага хурлын III хуралдаанаар 2 асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай, УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг намын удирдах зөвлөлд чиглэл өгөх тухай гэсэн тогтоолын төслийг баталж гаргалаа.

Монгол Ардын Намын Бага хурлын III хуралдаанаас МАН-ын Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж Намын Бага хурлын гишүүдийн 99.7 хувийн саналаар дэмжигдлээ. Бага хурлын шийдвэр гарсан учраас Монгол Улсын Ерөнхий сайдад Ням-Осорын Учралыг дэвшүүлж байгаа нь энэ процесс цаашдаа Монгол Улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн дагуу шийдэгдэнэ.

Хоёрт нь Ойрх Дорнодод үүсээд байгаа, дэлхий нийтийг хамраад байгаа эдийн засгийн хямралыг даван туулах чиглэлээр УИХ дахь МАН-ын бүлэг, Монгол улсын төр, засгийн байгууллагууд энэ хүндрэлийг ард иргэдэд хохирол багатай даван туулах чиглэлээр цогц хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж ажиллах чиглэлийг өглөө.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд намын дотоод эв нэгдлийг сахиж, үндэсний язгуур эрх ашгийг дээдлэн, Засгийн газрыг цаашид тогтвортой ажиллуулах, улмаар намын даргын тэргүүлэх энэ засгийн газрын бодлого үйл ажиллагааг дэмжиж, намаас явуулж байгаа бодлого үйл ажиллагааг нэгдсэн байдлаар тууштай дэмжих чиглэл өгсөн тогтоолыг баталж гаргалаа.

УИХ-ын дарга Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа учраас УИХ-ын дарга эхлээд чөлөөлөгдөх ёстой. Тэгээд Ерөнхий сайдын энэ процесс явагдах байх гэж бодож байна.

Монгол улсын Үндсэн хуулиар Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх нь Ерөнхий сайдад олгогдсон бүрэн эрх. УИХ одоогоор шинэ Ерөнхий сайдыг батлаагүй байна. Шинэ Ерөнхий сайд батлагдсаны дараа өөрийнхөө бодол саналыг илэрхийлэх байх.

Бага хурлын танхимд АН-тай эвсэхгүй байх, хамтрахгүй байх гэсэн саналуудыг зарим нэг бага хурлын гишүүд хувь үзэл санаагаа илэрхийлсэн зүйл бий” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22