Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн 0110 дугаар салбарт малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан хилчин байлдагч Г. С-ийг эрэн хайх ажиллагаа 5 хоногийн турш үргэлжилсний эцэст эсэн мэнд оллоо.
Бэлчээрлэж байсан тэмээгээ эргүүлэхээр яваад сураггүй болсон байлдагч С-ийг мотоциклоосоо унаж гэмтсэн байсныг нутгийн иргэн олж, албаныханд мэдэгдсэн юм.
Одоогоор түүний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэх ажлыг зохион байгуулж байна.
Эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газар болон Эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисэх баг, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Онцгой байдал, Цагдаа, Тагнуулын байгууллагууд, Цогт-Цэций сум дахь Дотоодын цэргийн 810 дугаар анги, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 104 дүгээр тусгай салбар, мөн Номгон, Баян-Овоо сумын иргэд, малчид оролцжээ.
Мөн эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн “Оюутолгой” ХХК болон сайн дурын оролцогчид, хилчин байлдагчийн ар гэрийнхэн, нутгийн иргэдэд Хил хамгаалах байгууллагын зүгээс талархал илэрхийллээ.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм




