Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн 0110 дугаар салбарт малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан хилчин байлдагч Г. С-ийг эрэн хайх ажиллагаа 5 хоногийн турш үргэлжилсний эцэст эсэн мэнд олсон. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Ц.Мягмардорж мэдээлэл өглөө.
Ц.Мягмардорж “Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн 0110 дугаар тусгай салбарын малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч 5 хоногийн өмнө малдаа яваад сураггүй алга болсон. Үүссэн нөхцөл байдлын улмаас хилийн цэргийн штаб болон бусад хууль сахиулах, Төрийн цэргийн байгууллагатай хамтран өргөн цар хүрээг хамарсан эрлийг зохион байгуулж байлдагчаа эсэн мэнд оллоо.
Эрлийн ажиллагаа өргөн уудам нутаг дэвсгэрийг хамран зохион байгуулагдлаа. Нийт 140 гаруй хүн, 30 гаруй техник хэрэгсэл, олон тооны дрон, нисэх онгоц, нисдэг тэрэг хослуулан ашиглаж, агаарын эрэн хайх ажиллагааг явуулснаараа онцлог байлаа.
Оролцсон нийт бүрэлдэхүүн, техник хэрэгсэл нэгдсэн удирдлага дор уялдаа холбоотой, гар нийлж ажилласны үр дүнд эрлийн ажиллагаа үр дүнтэй болсон гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Эрлийн ажиллагаанд бодитой дэмжлэг үзүүлж, гар бие оролцсон аймгийн Засаг дарга Н.Энхбат, аймаг, орон нутгийн удирдлагууд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Баян-Овоо, Номгон сумдын захиргаа, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаа, Тагнуулын байгууллагын нэгжүүд, Цогт-Цэций сум дахь Дотоодын цэргийн анги, хил хамгаалалтын туслах хүчний гишүүд, ахмад хилчид, орон нутгийн малчид болон иргэдэд Монгол улсын хилчдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм




