Dark Light
Нийгэм | 2026-03-31

СУДАЛГАА: ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ЦАХИМ ДЭЭРЭЛХЭЛТИЙН ХУВЬ 35.5% БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн хуралдаанд НИТХ-ын дарга А.Баяр “Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг шат дараатай ажил хийнэ. Эхний ээлжинд ерөнхий боловсролын сургуулийн орчинд судалгаа хийлээ. Үе тэнгийн дээрэлхэлт гардаг 22 сургуультай бид хамтарч ажиллахаар болсон. Сургуулийн удирдлагын зүгээс ч эцэг эх, асран хамгаалагчдад нь хариуцлага тооцдог болох хэрэгтэй гэсэн санал яригдаж байна. Мөн үе тэнгийн дээрэлхэлтийг удаа дараа үйлдэж буй сурагчийн хувийн хэрэгт энэ талаар нь тэмдэглэж үлдээдэг байх зарим саналыг дэмжиж хэрэгжүүлэх шаардлага үүссэн байна. Дотоод, гадаадын их, дээд сургуульд элсэхэд булли буюу үе тэнгийн дээрхэлхэлт, хүчирхийллийг хийж байсан эсэх тодорхойлолтыг хардаг болсон. Гадны улс орнууд ч буллидэлтэй ингэж тэмцээд эхэлсэн. Бид ингэж хатуу хариуцлага тооцож байж энэ төрлийн гэмт хэрэг багасна” гэлээ.
Ажлын хэсгийн хуралдаанд нийслэлийн найман дүүргийн Ерөнхий боловсролын 22 сургуулиас авсан судалгааны үр дүнг танилцуулсан бөгөөд сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид оролцож шалтгаан, хор уршиг, нөлөөллийн талаар ярилцлаа. Судалгаанд нийслэлийн 8 дүүргийн 22 сургуулийн 8-10 дугаар ангийн 1093 сурагч, 213 эцэг, эх, асран хамгаалагч хамрагдсан байна. Нийт сурагчдын 71.9 хувь нь үе тэнгийн дээрэлхэлтийн талаар мэднэ, тодорхой хэмжээний ойлголттой гэж хариулжээ. Үе тэнгийн дээрэлхэлтийг дүүргээр авч үзвэл Багахангай дүүрэг 35.7%, Хан-Уул 33.1%, Баянзүрх 30.6%, Налайх 25%, Баянгол дүүрэг 22.9%, Сүхбаатар 20.9%, Чингэлтэй 17.2%, Сонгинохайрхан дүүрэг 15.2% эзэлж байна. Тухайлбал, Багахангай, Хан-Уул дүүргийн 3 сурагч тутмын 1 нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртдөг гэсэн дүн гарчээ. Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн сурагчдаас давтамжийг тодруулахад сурагчдын гуравны хоёр нь 3 хүртэлх удаа гэж хариулжээ. Харин 22 сурагч буюу судалгаанд хамрагдсан 1093 сурагчийн 2% нь 10 болон түүнээс дээш удаа, тодруулбал байнга үе тэнгийн дээрэлхэлтэд өртдөг байна.
 
Харин үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн сурагчид хэнд хандахаа төдийлөн мэддэггүй бөгөөд 44.5% нь интернэтээс хайдаг, 19.7% нь сургуулийнхаа нийгмийн ажилтанд ханддаг, 17.3% гэр бүлдээ ханддаг, 11.8% нь багшдаа ханддаг, 3.4% найз, нөхдөдөө, 2.9% нь цагдаад ханддаг гэсэн байна. Үүнээс харахад үе тэнгийн дээрэлхэлт даамжрах, нуугдмал байдлаар хүрээгээ тэлэх нөхцөл бүрддэг байна. Үе тэнгийн дээрэлхэлт бусдыг доромжлох, цуурхал тараах, бүлгээс гадгах буюу тусгаарлах, заналхийлэх, биед халдах гэсэн зонхилох хэлбэрээр илрэх бөгөөд дээрх судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 22.1% нь цахим дээрэлхэлтэд өртсөн байна. Ингэхдээ Хан-Уул дүүргийн цахим дээрэлхэлтийн хувь 35.5% байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагчдад хариуцлага тооцдог байх зэргээр сургууль бүр тухайлсан саналаа нэгтгэж, хөтөлбөрт тусгах ажилд санаачилгатай, идэвхтэй оролцохыг НИТХ-ын дарга А.Баяр үүрэг болгов.

Эх сурвалж | НИТХ-ХМОНХА
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22