Dark Light
Нийгэм | 2026-03-31

ҮЙЛДВЭРЛЭЛ УРЛАЛЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ МОРИН ХУУР УРЛААЧ БЭЛТГЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч П.Наранбаяр, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал нар өчигдөр Ражив Гандийн нэрэмжит “Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж”, “Монгол-Солонгосын политехник коллеж”-д ажиллалаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс оронд нэн шаардлагатай байгаа мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэж, мэргэшүүлж байгаа хамт олонд талархал илэрхийлж, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ.
Мөн энэ жил “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөн”-ийг ивээл дороо зохион байгуулахаар төлөвлөснөө хэллээ.
60 жилийн түүхтэй “Үйлдвэрлэл урлалын политехник коллеж” бол 40 гаруй мянган мэргэжилтэй ажилчин бэлтгэсэн, үйлчилгээний салбарын анхдагч сургуулийн нэг юм.
Тус сургууль үйлчилгээ, аж үйлдвэр, мэдээллийн технологи, урлаг, өв соёлын салбарт 33 мэргэжлээр мэргэжлийн болон техникийн боловсрол олгох, насанд хүрэгчдэд мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулж буй. Нийт 2,152 оюутан, 130 гаруй багш, ажилтантай.
“Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” 2024 оны Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ хичээлийн жилд “Хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл, тохируулга” буюу Морин хуур урлаачийн анги нээсэн юм.
Сургуулийн зүгээс 250 гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж, суралцагчдаа дадлагажуулан, ажлын байраар хангадаг. Мөн дотоод, гадаадын 20 гаруй сургуульд төгсөгчдөө шатлан сургаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22