Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас тэдгээр иргэдийн эцэг, эх, асран хамгаалагчид, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж иргэдийнхээ саналыг сонсох уулзалтыг зохион байгууллаа.
Хөгжлийн бэрхшээлийн төрлүүд дундаас оюун, сэтгэцийн бэрхшээлтэй иргэд өөрийгөө бусдад илэрхийлж, ойлгуулах, нийгмийн оролцоонд хамрагдах чадвар нь хязгаарлагдмал байдаг.
Үндэсний статистикийн хорооны 2024 оны жилийн эцсийн мэдээгээр хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган иргэдийн 19,7 хувь буюу 21.2 мянга нь сэтгэцийн бэрхшээлтэй байна. Үүнээс 9.8 хувь буюу 2086 нь 0-15 хүртэлх насны хүүхэд, 87 хувь буюу 18448 нь 15-64 насны иргэд, 3.2 хувь буюу 681 нь 65-аас дээш насны ахмадууд байна.
Уулзалтад 70 гаруй иргэн, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, тэдэнд тулгарч буй асуудлууд болох оюун сэтгэцийн бэрхшээлийн өвчний ангилал, оношилгоо, эмийн хангалт, эрүүл мэнд, боловсролын байгууллагын үйлчилгээний хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөгжүүлэх үйлчилгээний нэр төрөл, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээний хамрагдалтыг сайжруулах талаар санал бодлоо илэрхийллээ.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг удаан хугацаанд харж буй эцэг эх, асран хамгаалагчдын эрүүл мэнд, сэтгэлзүй, нийгмийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг ч анхаарч бодлогын түвшинд шийдвэрлэх хэрэгтэй талаар ярилцлаа.
Цаашид иргэдээс гарсан санал хүсэлтийг холбогдох яамдад уламжлах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, бодлогын бичиг баримтад тусгах зэрэг арга хэмжээг авч ажиллахаар боллоо.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм



