Dark Light
Нийгэм | 2026-04-01

ЮНЕСКО-ГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Холбоот сургуулиудын сүлжээ (ASPnet)-ийн дэлхийн чуулга уулзалт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайнань мужийн Саньяа хотноо 2026 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус чуулга уулзалтад дэлхийн олон орны Холбоот сургуулиудын сүлжээний үндэсний зохицуулагчид болон боловсролын байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна.
Чуулга уулзалтыг нээж, БНХАУ-ын Боловсролын дэд сайд Рэн Ёуцюнь, ЮНЕСКО-гийн Боловсролын салбарын эрхэлсэн Ерөнхий захирлын орлогч Стефаниа Жианнини нар цахим мэндчилгээ дэвшүүлж, Хайнань мужийн орлогч захирагч Ше Жин, ЮНЕСКО-гийн 2030 Боловсролын хэлтсийн захирал Ким Мин Жон нар оролцож, үг хэллээ.
ЮНЕСКО-гийн Холбоот сургуулиудын сүлжээний гишүүдийн хооронд бүс нутгийн болон бүс хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой тус чуулга уулзалтаар Холбоот сургуулиудын сүлжээний 2025–2029 оны үйл ажиллагааны стратегийн хүрээ, мөн энх тайван, хүний эрх, тогтвортой хөгжлийг дэмжих боловсролын талаарх зөвлөмжийн хэрэгжилтийг хэлэлцэж байна.
Түүгчлэн энэхүү чуулга уулзалт нь Тогтвортой хөгжлийн зорилго 4-т нийцүүлэн боловсролоор дамжуулан энх тайван, тогтвортой хөгжил, соёл хоорондын ойлголцол, харилцан хүндэтгэлийг бэхжүүлэхэд чиглэж байна. Үүний зэрэгцээ 50 гаруй улсаас оролцож буй үндэсний зохицуулагчид сайн туршлага солилцох, бүс нутгийн хамтарсан төсөл, хөтөлбөрийг дэмжих, ЮНЕСКО-гийн нөөц боломжийг бүрэн ашиглах чиглэлээр олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж байна.
Монгол Улс ЮНЕСКО-гийн Холбоот сургуулиудын сүлжээнд 1983 онд нэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар манай улсын 15 боловсролын байгууллага тус сүлжээнд хамрагдан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22