Нийслэл хотод амьдарч буй хүүхдийн эрүүл, аюулгүй, тайван амьдрах нөхцөлийг хангах хүрээнд НЗДТГ НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирус (HPV) болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Уг харилцан ойлголцлын санамж бичигт нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Беате Дастел нар гарын үсэг зурсан юм.
Санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Тодруулбал,
- Ариун цэвэр, эрүүл ахуйн дадлыг сайжруулах эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх;
- Зорилтот халдварын тархалт ба нөлөөг бууруулах зорилгоор нэгдсэн бодлого, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх;
- Олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлж, урьдчилан сэргийлэх зан чанарыг төлөвшүүлэх;
- Олон нийт болон бизнесийн байгууллагуудын дунд хүүхдийн эрхийн талаарх ойлголт, хүндэтгэлийг нэмэгдүүлэхийг дэмжих;
- Дүүрэг, хороодын албан хаагчдыг сургах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
Санамж бичиг байгуулсантай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Монгол Улсад элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл ноцтой түвшинд байна. Улсын хэмжээнд 2024 онд 8162, 2025 онд 8016 хорт хавдрын тохиолдол бүртгэгдсэн нь өвчлөл буурахгүй байгааг харуулж буй. Уг санамж бичгийг байгуулснаар ходоод, хоол боловсруулах эрхтний хавдраас урьдчилан сэргийлэх төсөл, хөтөлбөр боловсруулж, энэ сараас хеликобактерийн халдвартай тэмцэх ажлыг эхлүүлэхээр боллоо. Мөн умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирус (HPV)-ийн вакцинд 11 настай охид, хөвгүүдийг хамруулах ажлыг эрчимжүүлж байна. Нийслэлийн хэмжээнд уг кампанит ажлыг сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн дунд шат дараатай зохион байгуулж, хавдрын өвчлөлийг бууруулах урт хугацааны бодлогыг хэрэгжүүлнэ” гэв.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм





