Сүүлийн үед цахим орчинд хусдаг сугалаа, лайв төрлийн цахим залилах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна. Тухайн гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдүүд нь иргэдийн эдийн засгийн эмзэг байдалд тулгуурлан санхүүгийн болон хууль эрх зүйн мэдлэггүй байдлыг сул тал болгон ашиглаж, хуурамч цахим хаяг хэрэглэгчийн бүртгэл үүсгэж, шууд лайв бичлэгээрээ бага мөнгөөр их хэмжээний хонжвор хожих мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэдийг төөрөгдөлд оруулж байна.
Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байнаа. Тодруулбал, Монгол улсын иргэн Б нь Бүгд Найрамдах Тайланд улсаас “Сугалаа аваад ёндоор” нэртэй хуурамч цахим хуудас ашиглан “LEXUS” маркийн автомашиныг сугалаанд оруулна хэмээн 1 сугалааг 50 мянгаас 5 сая төгрөгийн хооронд борлуулж, хуурамч хожлын бичлэгээр итгэл төрүүлэн 2100 гаруй иргэнд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг илрүүлжээ.
Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж баталгаагүй цахим хаягаас явуулж байгаа сугалаа урамшууллын шууд дамжуулалтад оролцохоос татгалзаж, сэжигтэй цахим хаяг, үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлж өөрийн болон бусдын эд хөрөнгийг залилагч этгээдүүдээс хамгаалахыг ЦЕГ-аас зөвлөлөө.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм





