Dark Light
Нийгэм | 2026-04-02

Ө.МАГСАРЖАВ: БУРГАС 2-5 ЖИЛИЙН ДОТОР 4-5 МЕТР УРГАДАГ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Био комбинатад байрлах “Цэцэрлэгжилт” ХХК-ийн мод үржүүлгийн талбайд хотын дарга Х.Нямбаатар ажиллаж, Туул голын мод, бутыг нөхөөн сэргээх боломжтой эсэх талаар мэргэжлийн хүмүүсээс мэдээлэл хүргэлээ. Туулын хурдны замын бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбоотой байгаль орчин сүйдлээ гэдэг эмзэглэл олон нийтийн дунд их байгаа. Энэ асуудалд мөн холбогдох мэргэжлийн инженерүүдээс тайлбар авсан юм.

Туул голын хойд эрэг дагуу Туулын хурдны зам барихад эко систем алдагдахгүй гэдгийг сүүлийн 10 гаруй жил судлаач, мэргэжилтнүүд дүгнэсэн талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээллийн эхэнд онцоллоо. Туул голын бургас 1966 оны их үерийн дараа шинээр ургаж, өнөөдрийн байдлаар Туул голын эрэг дагуух бургасны 80 орчим хувь нь 60-аас дээш жилийн насжилттай болжээ. Туулын хурдны зам барихад Туулын бургас устаж, Туул голын усны хэмжээнд нөлөөлөхгүй. Туулын хурдны замын зөвхөн гүүрэн байгууламжийн хэсэгт тодорхой хэмжээнд нөхөн сэргээлт хийх шаардлага гарна. Гэхдээ бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургах боломжтой гэдгийг 50 жил мод тарьж буй, “Цэцэрлэгжилт” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ө.Магсаржав хэллээ.

Тэрбээр “Голын сав дагаж голдуу бургас, улиас ургадаг. Бургас, улиас нь 2-3 жилийн дотор ямар хурдан ургадаг болохыг бодитоор та бүхэнд харуулъя. Бургас, хайлаас, улиасаар тогтохгүй чацаргана, моносыг ч голын сав дагуу ургуулах боломжтой байдаг. Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг. Хамгийн гол нь усалгаа, арчилгаа сайн байвал Туулын бургас 5 жилийн дотор хангалттай нөхөгдөж ургана. Би 50 жил мод тарьж байна. Энд нийт гоёлын болон жимсний 20 гаруй төрлийн мод, бут, сөөг тарилаа. Улиас 100 гаруй мянга, хайлаас нэг сая гаруй, гоёлын моднууд ч тарьсан байна” гэлээ.

Харин усны инженер Ш.Баранчулуун усалгаатай газар тариалангийн чиглэлээр мэргэшиж, 1300 га услалтын системийг хоёр жилийн дотор шинээр бариулж, ашиглалтад оруулж ажлын гараагаа эхлүүлж байжээ. Ажлын гараагаа эхлүүлснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд усны барилга байгууламж, усны нөөц сэргээх, байгаль орчны чиглэлээр тасралтгүй ажиллаж байгаа туршлагатай. Тэрбээр Туулын хурдны зам Туул голын усны хэмжээнд нөлөөлөхгүй гэдгийг батлан хэллээ.

“Туулын хурдны замын ажил Туул голын усны түвшинд нөлөөлөх ямар ч үндэслэл байхгүй”

Усны инженер Ш.Баранчулуун “Туулын хурдны замыг барьснаар Туул голын ус ширгэхгүй. Туул голын ус дундаж урсцаар нэг секундэд 25-26 шоо метр ус өнгөрдөг. 1966 оны үерээр нэг секундэд 1580 шоо метр ус өнгөрсөн байдаг. Энэ үерээр усны түвшин өдөрт 1 метр 40 см-ээр нэмэгдэж байсан. 1000 жилд нэг удаа үер болоход Туул голын усны түвшин 5 метрээр нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд судалжээ. Туулын хурдны замыг барих явцдаа үерийн хамгаалалтын даланг мөн цоо шинээр барина. Улаанбаатар хотод 100 жилээс дээш хугацаанд нэг удаа тохиолдох үерээс Туулын хурдны замыг дагаж баригдах үерийн хамгаалалтын далангаар хамгаална. Учир нь Туулын хурдны зам үерийн далангаас 1 метр 40 см-ээр дээш баригдана.

Нэгдүгээрт, ирээдүйд үерийн эрсдэлээс сэргийлж, үерийн далангаа Туулын хурдны замтай хамт давхар шинэчилж байгааг ойлгох нь зүйтэй. Хоёрдугаарт, Туул голын усны 25 хувь нь хотоос маш алсаас буюу Хан Хэнтийн нурууны цэвдэгтэй хэсгээс эх авч урсдаг, 70 хувь нь хур тунадасны уснаас бүрдэж байгаа. Туул голыг хур тунадасны горимтой гол ч гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг. Хур тунадас их, бага орсноос усны түвшин нь шалтгаалдаг гэж хялбараар ойлгоход болно. Тиймээс Туулын голын усны түвшинд Туулын хурдны зам нөлөөлөх ямар ч үндэслэл, боломжгүй юм” гэлээ.

Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар Туул голын усыг бохирдуулахгүй байлгах нь илүү чухал болохыг онцлоод, бохирдуулж буй 80 гаруй ААН-д урьдчилан сэргийлэх байгууламж бариулж, цэвэрлэх байгууламжийн усыг гол руу цутгах бус үйлдвэрт ашигладаг болгохыг зорьж буй төслийнхөө талаар танилцуулсан юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22