“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг өчигдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр нээсэн билээ.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлснээр нийгэм, эдийн засаг болон байгаль орчны үр өгөөж өндөр байх судалгааг ТЭЗҮ-д тусгаж, эрсдэлийг судалж, үнэлжээ. Энэхүү төсөл нь хоёр байршилд Туулын хурдны замтай огтлолцох бөгөөд цогц автозамын төсөл болно.
Оргил ачааллын үеийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ
Хотын төвийн бүсийн замын ачаалал дунджаар 23-50 хувиар буурч, оргил ачааллын үеийн тээврийн хэрэгслийн дундаж хурд одоогийн 7-13 км/цаг байгаагаас 23.3 хувиар нэмэгдэх боломжтой гэж тооцоолжээ. Үүний зэрэгцээ замын нэвтрүүлэх чадвар байршлаас хамааран Зүүн дөрвөн замд 23 хувь, Баруун дөрвөн замд 21 хувь, Баянбүрдийн тойрогт 14 хувь, Их Монголын гудамжинд 10 хувиар тус тус өсөхөөр байна.
Агаарын бохирдол 8 хувиар буурна
Төслийн үр дүнд хүхэрлэг хий 2.8 хувь, азотын давхар исэл 18.1 хувь, PM10 тоосонцор 7.7 хувь, нүүрсхүчлийн хий 3.8 хувиар тус тус буурах бол тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдол нийт дүнгээрээ 8 хувиар, Улаанбаатар хотын нийт агаарын бохирдол 3 хувиар буурах боломжтой аж.
Төслийн өртгийг ашиглалтад орсноос хойш 10 жилийн дотор нөхнө
Төсөл ашиглалтад орсноос хойш 10 жилийн дотор өртгийг нөхөх тооцоолол гарсан бөгөөд нийт төсвийн 49 хувь нь дотоодын зах зээлд эргэлдэж, үндэсний үйлдвэрлэгчид болон ажлын байрыг дэмжих чухал ач холбогдолтой юм. Мөн Нэгдүгээр тойрог замаар өдөрт дунджаар 216 мянга орчим тээврийн хэрэгсэл нэвтрэх чадамж бүрдэхээр төлөвлөгдөж байгаа нь хотын гол замуудын ачааллыг бодитойгоор бууруулах нөхцөлийг бүрдүүлэхээр байна.
Байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл
Төсөл хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийн үнэлгээг БОНХАЖЯ-ны сайдын 2014 оны А/117 дугаар тушаалаар баталсан аргачлал болон Дэлхийн банкнаас гаргасан “Байгаль орчны менежментийиг сайжруулах аргачлал, зөвлөмж”-ийн матрицын аргыг ашиглан гүйцэтгэсэн. Төсөл хэрэгжсэнээр өдөрт ялгардаг 35.9 кг тоосжилт 239 дахин буурах тооцоог гаргажээ. Түүнчлэн барилгын ажлын үед газар шорооны ажлын улмаас хөрсөн бүрхэвч эвдэгдэж, гадаргын төлөв байдал өөрчлөгдөнө. Харин төсөл хэрэгжсэний дараа шинээр хөрс элэгдэж талхлагдах, эвдрэх, бохирдох нөлөө гарахгүй аж. Автозамын дагуу зүлэг, мод бут тарьж, биологийн нөхөн сэргээлт хийсний үр дүнд байгалийн үзэмж сэргэн, хүний үйл ажиллагаа болон газар шорооны ажлын улмаас эвдрэлд орсон газар нутаг талхлагдахгүй орчин бүрдэх бөгөөд хөрсний элэгдэл 40.2 дахин буурч, агаар болон хөрсний чийгшил тус бүр 10 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарсан байна. Зүлэгжүүлэлтийн талбай 14,500 м.кв-аас 256,400 м.кв хүртэл буюу 16.6 дахин нэмэгдэх нь хотын ногоон байгууламжийг өргөжүүлж, иргэдийн таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн 3,000 орчим яндан устаж, гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулна.
Б.ЭНХЗАЯА






Нийгэм





