БАНЗАРЫН МӨНХЦЭЦЭГ
(1966-2026)
Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Банзарын Мөнхцэцэг тэнгэрийн оронд дэвшиж, нөхөж баршгүй гарз тохиолоо.
Тэрээр нийслэл хот, дүүрэг орон нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалтын төлөө амьдралынхаа үнэт цаг хугацааг зориулж, бүтээлч, манлайлагч, хариуцлагатай, итгэл даах зан чанараараа олны хүндэтгэл, талархлыг хүлээсэн эрхэм хүн байлаа. Банзарын Мөнхцэцэг нь 1966 онд Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн. 1974-1984 онд Төв аймгийн Зуунмод хотын хоёрдугаар 10 жилийн дунд сургуулийг дүүргэж улмаар 1984-1989 онд Политехникийн дээд сургуулийг Хүнсний механик инженер мэргэжлээр төгсжээ. Банзарын Мөнхцэцэг нь 1989-2002 он хүртэл “Талх чихэр” ХХК-д ажиллаж мастер, инженер, үйлдвэрийн даргаар, 2005-2006 онд “Мандахжин” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан юм.
2006 оноос эхлэн Сонгинохайрхан дүүрэгтэй ажил хөдөлмөрөө холбож, 2006-2009 онд 7 дугаар хорооны Засаг дарга, 2009-2016 онд 25 дугаар хорооны Засаг дарга, 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 2020-2025 онд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга, 2025 оноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Тэрээр орон нутгийнхаа иргэдийн итгэлийг хүлээж, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 2008 оноос эхлэн дөрвөн удаа, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр нэг удаа сонгогдон ажиллахдаа иргэддээ ямагт ойр байж, тэдний үгийг сонсож, аж амьдралыг нь мэдэрч, нийслэл хот, дүүрэг орон нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалтын төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн ажилласан юм.
Тэрээр нийслэл хотынхоо цэвэр цэмцгэр байдлыг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж, ажилтан, албан хаагчдадаа ээлтэй аюулгүй ажлын байрыг бий болгох, хөдөлмөрийн бүтээмжийг бодитоор үнэлэхэд анхааран ажилласан мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрч зангаараа хамт олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн чадварлаг удирдагч байлаа. Төр, засгаас түүний бүтээсэн үйл хэрэг, ажил хөдөлмөрийг үнэлж, салбарын шагналууд, Нийслэлийн 370, 375, 380 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 80, 90, 100 жилийн ойн медаль, Их Монгол улс байгуулагдсаны 803 жилийн ойн медаль, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, Төрийн дээд шагнал “Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан” цол тэмдгээр шагнасан билээ.
Мөн түүний нийслэл, дүүргийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлж, “Нийслэл хотын хүндэт иргэн”-ээр өргөмжилж, нийслэлийн дээд шагнал “Хангарьд одон”-гоор тус тус шагнасан. Эрхэм хүн таны хийж бүтээсэн ажил үйлс, эрч хүчтэй, итгэлтэй, нөхөрсөг зан занар, хамт олноо нэгтгэх ухаан, хариуцлагатай, шударга зан чанар төрд үнэнчээр зүтгэх чин сэтгэлийн илэрхийлэл болж, бидний сэтгэлд үүрд дурсагдах болно.
Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Гэгээн дурсгал нь мөнхөд орших болтугай.
|
Эх сурвалж
| НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
|
АДМИН







Нийгэм




