Dark Light
Нийгэм | 2026-04-04

ЭМГЭНЭЛ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Улсын бага хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан, төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Дашжамцын Баттулга нь 65 насандаа таалал төгсөж Монголын нийт ардчилагчид, Монголын ард түмэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Тугчин овогт Дашжамцын Баттулга 1961 оны тавдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт мэндэлжээ. Тэрээр бага балчир насаа ажил хөдөлмөрт шамдсан ээж аавынхаа гар дээр өнгөрүүлж, 1969-1979 онд Нийслэлийн Ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуульд, 1979-1984 онд ОХУ Санкт-Петербург хотын Инженер-Эдийн засгийн дээд сургуульд амжилттай суралцан Эрчим хүчний инженер-Эдийн засагч мэргэжлээр төгссөн билээ.
Д.Баттулга нь их сургуулиа төгсөж ирээд 1984-1985 онд “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-д Эдийн засагчаар ажиллан хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1985-1989 онд Түлш эрчим хүч, үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1989-1990 онд Дархан хотын Дулааны цахилгаан станцад Ахлах эдийн засагчаар ажиллан туршлагаа бүтээмж болгон хөгжүүлж ажилласан билээ. Эрхэм хүн Дашжамцын Баттулга нь ийн ажиллаж явахдаа 1989-1990 онд өрнөсөн Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг болж, Дархан хотод үеийн нөхдөө манлайлан суулт хийн өлсгөлөн зарлаж Монгол Улсад Ардчилсан хувьсгалын ялалтыг авчрах их үйлсэд онцгой хувь нэмрээ оруулжээ.
Тэрээр эрчээ алдаагүй Ардчилсан хувьсгалын анхдагчийн хувиар 1990-1992 онд Улсын бага хурлын гишүүн, 1993-1996 онд Монголын Ардчилсан холбооны ерөнхийлөгч, 1996-1999 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж ардчиллыг бэхжүүлэх үйлсийн төлөө дардан бус замаар тэмцэл, өрнөл дүүрэн амьдарчээ.
Талийгаач нь 2001-2005 онд “Галт гарьд” ХХК-ийн зөвлөх, 2005-2010 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал, 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар тус тус ажиллаж хувийн хэвшлийг өөд нь татаж, төрийн компанийг хөл дээр нь босгож, Ардчилсан Ерөнхийлөгчийн арыг даасан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан үүргийг нэр төртэй хашиж явлаа.
Тэрээр 2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, НИТХ-ын дарга, 2016-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 2017-2020 онд Нийслэлийн Ардчилсан намын дарга, 2023 оноос “Эрчим хүч, Барилга угсралтын трест” ХХК-ийн Дэд Ерөнхийлөгчөөр тус тус ажиллахдаа унаж мэндэлсэн Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, цөөнхөөс олонхыг бүрдүүлэх их ажлын гол багана болон хичээж, зүтгэж, эрмэлзэж, ихийг бүтээж явлаа. Тэрээр Монгол Улсад тасралтгүй 42 жил ажилласан ажилч, хөдөлмөрч нэгэн байлаа.
Эрхэм хүн Дашжамцын Баттулгын хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын төр өндрөөр үнэлж, Эрчим хүчний тэргүүний ажилтан, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан одон, тэмдгээр шагнан урамшуулж байлаа.
Тэрээр ухамсарт амьдралынхаа он жилүүдийг үнэн зөвийг эрхэмлэн амьдарч, анхнаасаа үнэт зүйлээ болгосон ардчилсан үзэл санаагаа түгээн дэлгэрүүлэх их үйлсэд үнэлж баршгүй гавьяа байгуулсан билээ. Түүний амласандаа хүрдэг зан чанар, ажилдаа сэтгэлээ шингээдэг ур ухаан, бусдын төлөө зориулсан их сэтгэл, бурангуйтай тэмцсэн эр зориг бидний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
Ардчиллын бат тулга, Ардчилсан Намын Баттулга андыгаа, ахыгаа, даргыгаа бид үргэлжид санан дурсах болно.
Ардчилсан Намын үзэл санаа нэгт нөхөд,
Ардчилсан Намын хэрэг эрхлэх ерөнхий газар, Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлэг

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22