Авлигатай тэмцэх газарт өнгөрсөн долоо хоногт иргэн, хуулийн этгээдээс 72 өргөдөл, гомдол ирүүлснээс 41 нь гэмт хэргийн шинжтэй байв. Дийлэнх нь төсвийн хөрөнгийн зарцуулалт, тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол, мэдээлэл байна.
Долоо хоног бүр иргэн, аж ахуйн нэгжээс гэмт хэргийн шинжтэй дунджаар 40-50 гомдол, мэдээлэл ирүүлдэг бөгөөд өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс нийт 110 гомдол, мэдээлэл хянан шалгасан байна. Эдгээрээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, 10 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурорт хүргүүлжээ. Одоо 87 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй байна.
Эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийн хувьд өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 12, шинээр хүлээн авсан 6, шүүх прокуророос буцсан 10 бөгөөд өмнөх үлдэгдэлтэй нийт 940 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явууллаа. Эдгээрээс 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Нийт 28 эрүүгийн хэргийг шийдвэрлэжээ. Одоогийн байдлаар 912 эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 50 мөрдөгчтэй бөгөөд 1 мөрдөгч дунджаар 30-35 эрүүгийн хэрэг, гэмт хэргийн шинжтэй 5-6 гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагааг тогтмол явуулж шалган шийдвэрлэж байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд заасан 12 төрлийн гэмт хэргийг харьяалан шалгах бөгөөд прокурорын байгууллагын хяналт дор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг 5 хоног, шаардлагатай бол 14 хоногоор сунган шалгаж, шийдвэрлэдэг.
Авлигын гэмт хэрэг нь голдуу нууц далд аргаар, үгсэн тохиролцож үйлдэгддэг, ээдрээ төвөгтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гадаад улсаас баримт материал гаргуулан авах, санхүүгийн болон хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ хийлгэх гэх мэт цаг хугацаа ихээр шаардсан мөрдөн шалгах ажиллагаа хийгддэг зэргээс шалтгаалан тэр бүр богино хугацаанд шалган шийдвэрлэх боломж хомс байдаг онцлогтой.
|
Эх сурвалж
| АТГ
|
АДМИН







Нийгэм





