Dark Light
Нийгэм | 2026-04-06

ЭРТНИЙ ХОВОР ХОЁР БИЧВЭРИЙГ МОНГОЛ УЛСАД БУЦААН ШИЛЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Швейцарын Холбооны Улсын Бернийн их сургуулийн номын санд хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор хоёр бичвэрийг Монгол Улсад буцаан шилжүүлэх ёслол Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд болов.
Дээрх үнэт бичвэрийг буцаахад Бернийн их сургуулийн Шашны шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор, доктор Каренина Коллмар Пауленц үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд түүний Монгол судлалын чиглэлээр хийсэн олон жилийн судалгаа, шинжилгээ, мөн Бернийн их сургуулиас холбогдох дүрэм, журмын дагуу гаргасан албан ёсны шийдвэрийн үр дүнд ийнхүү Монголд илгээх боломж бүрдсэн байна. Профессор Коллмар Пауленц нь уг эх сурвалжуудын гарал үүсэл, түүхэн ач холбогдлыг тодорхойлон судалж, Монгол Улсад буцаан олгох үйл явцыг идэвхтэй дэмжин ажилласан юм.
Эхний бичвэр нь XVII зууны эхэн үеийн гар бичмэл бөгөөд Төвөдийн их бясалгагч, яруу найрагч Миларайбын “Зуун мянган дуу” зохиолын монгол орчуулга бөгөөд энэхүү орчуулгыг Сэрэгэтү гүүш цорж хэмээх нэрт лам Түмэдийн нөлөө бүхий ноён Онбо хунтайжийн захиалгаар хийсэн бөгөөд гар бичмэлийн төгсгөлийн тэмдэглэлд дурдсанаар 1615 он орчимд орчуулагдсан байх магадлалтай. Энэ эх сурвалж нь Монголын бурхны шашин, утга зохиол, орчуулгын түүхийг судлахад чухал ач холбогдолтойд тооцогддог.
Хоёр дахь бичвэр нь 1716 онд Бээжинд уламжлалт модон хэвлэлээр хэвлэгдсэн, монгол бичгээрх Гэсэрийн баатарлаг туульсын ховор эх юм. Уг хэвлэмэл нь туульсын 1-3 болон 5-7 дугаар бүлгийг багтаасан бүрэн бус хувилбар боловч Монголын баатарлаг тууль, аман болон бичгийн уламжлалын түүхийг судлахад онцгой үнэ цэнтэй эх сурвалж болно.
Эдгээр хоёр бичвэр нь өмнө нь судлаач Рихард Эрнстийн хувийн цуглуулгад хадгалагдаж байгаад улмаар Бернийн их сургуулийн номын санд шилжин хадгалагдсан бөгөөд олон жилийн дараа ийнхүү эх орондоо буцаж байна. Энэхүү үйл явдал нь Монголын оюуны болон бичгийн соёлын өвийг эх нутагт нь хадгалах, хамгаалах, судлах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол, Швейцар Улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны бодит үр дүн болж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22