Хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хүнсний ногооны үнийн өсөлтөөс сэргийлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол болон Ерөнхий сайдын 12 заалт бүхий албан даалгавар гарлаа.
Энэ онд улсын хэмжээнд 633.4 мянган га-д тариалалт хийнэ. Хаврын тариалалтын технологит ажил эхэлж байна.
Засгийн газрын тогтоолоор:
- Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор зуны хүлэмж болон 4 төрлийн хүнсний ногооны үрийг хөнгөлөлттэй зээлээр тариалан эрхлэгчдэд олгохоор боллоо. Ингэснээр өнгөрсөн жилтэй харьцуулахад хүнсний ногооны тариалалт 1500 га-аар, ургац 20 мянган тонноор тус тус нэмэгдэнэ.
- Хүн амыг жилийн турш шинэ ургацын хүнсний ногоогоор хангах, хүнсний ногооны улирлын хамаарлыг бууруулах ач холбогдлыг харгалзан өвлийн хүлэмжийн цахилгааны хөнгөлөлтийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
- Үүсэж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэхэд шаардагдах пуужингийн нөөцийг бүрдүүлэхэд тодорхой санхүүжилтийг шийдвэрлэлээ.
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо тариалахад зориулж дэмжлэг үзүүлэхээр боллоо.
- Сэргээгдэх эрчим хүчинд суурилсан болон цахилгаан станцын илүүдэл дулааныг ашиглах, дэвшилтэт технологи бүхий ухаалаг хүлэмжийн аж ахуйг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр боллоо.
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төмс, хүнсний ногооны механикжсан агуулах байгуулах, хүнсний ногооны хадгалалт борлуулалтын сүлжээ бий болгоход холбогдох арга хэмжээ авахаар тогтлоо.
Албан даалгаврын хүрээнд:
- Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хаврын тариалалтад зориулж Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг олгож байна. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн жил тохиолдсон гангийн нөхцөл байдлын улмаас тариаланчдад үүссэн санхүүгийн эрсдэлийг бууруулах, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгох зөвлөмжийг Монголбанканд чиглэл болголоо.
- Хаврын тариалалтыг технологит хугацаанд хэвийн явуулах зорилгоор шаардагдах 10 мянган тонн шатахууны нөөц бүрдүүлж, тариаланчдад олгох ажлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран зохион байгуулж байна.
- Малын болон ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг өсгөх чиглэлээр хөрш, түнш орнуудтай хорио цээрийн протокол тохиролцох, техникийн зохицуулалт, стандарт батлах, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
АДМИН








Нийгэм





